П.АМГАЛАН
Үзэгчдийн хүлээлт, догдлолд “Уран гулгалтын одод Монголд" шоу тоглолт Мөсөн өргөөнд хөшгөө нээв. Уран гулгалтын гайхамшгийг харуулсан, үзэгчдийг дэлхийн оддын үзүүлбэрийг эх орондоо үзэх боломжийг олгосон энэхүү Оросын уран гулгалтын оддын шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран хоёр өдөр амжилттай зохион байгуулав.
Камила Валиева дэлхийд танигдсан гайхамшигт үзүүлбэрээ толилуулав
Тоглолтын ганцаарчилсан төрөлд алдарт уран гулгагч Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар гайхалтай үзүүлбэрүүдээ толилуулав. Мөн Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцож сонирхолтой үзүүлбэрээр Монголын үзэгчдэд бэлэг барилаа.
Ийнхүү Монголын уран гулгагч О.Мишээл үзүүлбэрээрээ “Стэппэ Арена”-д олон улсын шоу тоглолтыг эхлүүлсэн юм. Харин ОХУ-ын уран гулгагчдын салхийг 15 настай Аделия Петросян хагалж, мөсөн талбай дээр гарав. Тэрбээр, 2022 оны ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Гран При тэмцээний аварга бөгөөд дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдгээрээ алдартай билээ.
Уран гулгалтын гайхамшгийг харуулж, өөрийгөө үнэлүүлсэн дэлхийн тамирчин бол Камила Валиева. “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга гээд түүний амжилтын замнал урт хөвөрнө. Камила Валиева “Уран гулгалтын одод Монголд" шоу тоглолтын үеэр дэлхийд танигдсан гайхамшигт үзүүлбэрээрээ үзэгчдэд бэлэг барьсан юм. Ийнхүү тэрбээр хөгжөөн дэмжигчдийнхээ халуун алга ташилт, хүндлэл дунд үзүүлбэрээ толилуулав.
“Чингис хаан” дуунд амилсан Марк Кондратюкийн үзүүлбэр
Шоу тоглолтын үеэр уран гулгагчид монгол уран бүтээлчдийн дуун дээр үзүүлбэрээ толилуулсан нь үзэгчдийг догдлуулж чадсан. Мөсөн талбайд Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуу эгшиглэж, Анастасия Миина, Александр Галлямов нар уран гулгалтын гайхамшгийг үзүүлэв. Тэд “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга билээ.
Мөсөн талбайд ОХУ-ын алдарт уран гулгагч Марк Кондратюк монгол үндэсний хувцсаар гоёж, “Чингис хаан” дуун дээр үзүүлбэрээ толилуулж үзэгчдийг огшоож чадлаа. Тэрбээр мөсөн дээр олон жил гайхамшгийг үзүүлж, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга гээд амжилтын замнал арвин тамирчин юм. Ийнхүү уран гулгагчид монгол уран бүтээлчийн дууг зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгож, мөсөн талбайд гайхалтай хоршлыг харуулж чадсан. Үнэхээр урлаг гэдэг хэлгүйгээр бүх хүмүүст хүрч чадах увдисыг өөртөө агуулж байдаг гэдгийг уран гулгагчдын үзүүлбэр бүхэн харуулж байв. "Уран гулгалтын одод Монголд" шоуны онцлох үзүүлбэрийн нэг бол Виктория Синицина, Никита Кацалапов нарын тоглолт байв. “Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт хос гулгагчид маш сонирхолтой, гайхалтай тоглолтоор үзэгчдийг алмайруулсан юм. Мөн тэд амьдрал дээр ч гэсэн хосууд аж. Ийнхүү Монголын спортын түүхэнд нэгэн гайхалтай түүх “Уран гулгалтын одод Монголд" шоу тоглолтын гайхалтай агшин бүрээр бичигдэж үлдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)