Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд хувьсал авчирсан "Playtime" наадмын тухай онцолж байна. Тус наадам энэ жил 21 настайгаа золгож байгаа юм.
"Playtime"-д 170 гаруй уран бүтээлч оролцоно
Уран бүтээлчид ялангуяа амьд хөгжмийн хамтлагуудын хүсэн хүлээдэг "Playtime" наадам айсуй. Хөнгөн хөгжмийн нүргээнд доргиж, тархины эрх чөлөөг өгдөг тус наадмын тов ирэх долдугаар сарын 6,7,8-нд Монгол шилтгээн цогцолборт болно. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, зорин очих үзэгчдийн тоо нэмэгдсээр буй "Playtime" наадам энэ жил 21 нас хүрч байгаа юм. Энэ жил тус наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг орноос 170 уран бүтээлч оролцох ажээ. Гурван хоногийн турш үргэлжлэх хөгжмийн наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT” өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. “Playtime” наадмыг анх 2002 онд зохион байгуулахдаа орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг танилцуулах боломжийг нээх нь уг наадмын гол зорилго гэж тодорхойлсон байдаг. Мөн уран бүтээлч, үзэгчдийг нэгэн орон зайд аваачиж чаддагт энэ наадмын үнэ цэн оршино. Мөн өдгөө уламжлан зохион байгуулж буй уран бүтээлчдийн хувьд 2027 он гэхэд Азийн тэргүүлэх шилдэг таван хөгжмийн наадмын нэг болох зорилго тавьсан тухайгаа онцолсон байна.
60 мянган үзэгч хүлээж авав
"Playtime" наадам жил бүр сонирхолтой содон шийдэл, орчинд үзэгчдийг хөтөлсөөр буй. Гэхдээ хамгийн өргөн цар хүрээтэй болсон гэж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жил нь өнгөрсөн оных байв. Анх удаа дөрвөн өдрийн турш, тасралтгүй хөтөлбөртэй, 15 тайз, 150 хамтлаг, дуучин, уран бүтээлчид оролцжээ. Мөн 100 гаруй аж ахуйн нэгж компанитай хамтран, 2500 хүний багтай арын алба ажиллаж, 60 мянган үзэгч хүлээн авсан билээ. Мөн өнгөрсөн жилийн нэг онцлог нь “Монгол Наадам” хөтөлбөр байв. Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулсан өгөөжтэй арга хэмжээ байсныг наадмыг зорьж очсон үзэгчид онцолсон юм. Залуучуудад Монголын уламжлалт ёс заншил, соёлын биет болон биет бус өвүүдийг сурталчлан таниулах зорилготой Соёлын яамны хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн тул энэ жил дахин үргэлжлэх байх гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд буй.
Наадмын онцлох артистууд
“Дэлхий” хамтлаг
"Дэлхий" хамтлаг анх 2013 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж байжээ.Хоёр гишүүнээс бүрддэг тус хамтлагийн дуучид өвөрмөц хэв маяг, өнгө төрхтэйгөөс гадна байгаль дэлхий, орчлон ертөнц, энх тайван, нүүдэлчин ахуйгаа хайрлан хамгаалах зэрэг Монголын уламжлалт урлагийн сэдвүүдийг орчин үеийн барууны хөгжмөөс сэдэвлэсэн цохилттой хослуулдгаараа онцлогтой. “Дэлхий” хамтлагийн дуунуудыг та "Playtime" наадмын тайзнаас сонсоорой.
Э.Минжинсор
1990-ээд оны дундуур Монголын рок поп ертөнцөд анхны охидын хамтлаг төрсөн нь "Спайк" байсан билээ. Тухайн үеийн хамгийн хит дуунууд энэ хамтлагаас гарч, охид ч тайзнаа од болон гялалзаж, өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодотгож байсан нь саяхан. Гэвч цаг хугацааны эрхээр хамтлаг тарж, дуучид нь соло уран бүтээл хийх болсон. Тэднээс хамгийн амжилттай явсан нь дуучин Э.Минжинсор. Хамтлагийнхаа хамгийн дайчин нь гэгддэг тэрбээр сүүлийн жилүүдэд харь оронд ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байна. "Нүцгэн байхыг минь битгий хараарай", "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" зэрэг хит дуутай түүнийг энэ жилийн "Playtime" наадам онцолсон байна.
Реппер 290
290 нэрээр танигдсан Төгөлдөр рэппер бөгөөд дууныхаа үгийг бичдэг яруу авьяастай. Мөн "NOITON" брэндийг үүсгэн байгуулагч, "YASHA" бүлгийн үүсгэн байгуулагч артист юм. 290 "HAR MAF HARGIS HUCHIRHIILEL RECORDS"-н артист юм. Тэрбээр одоогийн байдлаар “YouTube” сувагт есөн дуугаа цацсан нь хөгжмийн чаартуудыг тэргүүлсээр байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 90 (7075)