Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Улсын Филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулга Герман улсын Бремен хотод болсон “Jazzahead” олон улсын жааз хөгжмийн наадамд амжилттай оролцсон. “Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа тус фестивалийн тухай онцоллоо.
Ази тивээ төлөөлөв
“Jazzahead” наадам нь олон улсад алдартай бөгөөд дэлхийд жааз хөгжмөөрөө тэргүүлдэг орнуудын зөвхөн шилдэг уран бүтээлчид оролцдог юм байна. Тэгвэл энэхүү наадамд “Баянмонгол” чуулга зөвхөн Монгол Улсаа төдийгүй Ази тивийг төлөөлсөн гэдгээрээ онцлог байв. Жазз хөгжмийн бүхий л урсгалын уран бүтээлчдийг хамруулдаг тус наадамд энэ жил 5000 гаруй хамтлаг, уран бүтээлч мэдүүлгээ ирүүлснээс 36 нь сонгогдсон ажээ. Мөн энэхүү нэр хүндтэй хөгжмийн наадамд оролцох нь жазз уран бүтээлчдийн томоохон сорил байдаг юм байна. Улмаар дараа дараагийн хөгжмийн наадамд оролцох, хөгжмийн агент, студи, продюссеруудын хараанд өртөх зэрэг шинэ боломж нээгддэг ажээ. Наадмын хүрээнд олон улсын жазз хөгжмийн уран бүтээлчид, хөгжмийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг зохион байгуулсан аж. Мөн салбарын хэлэлцүүлэг, уулзалтууд болсон бөгөөд манай уран бүтээлчид салбарын хөгжил, уран бүтээл туурвил, уран бүтээлчдийг дэмжих олон улсын бодлого зэрэг хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцжээ.
Уртын дууны шуранхай, морин хуурын эгшиг
“Баянмонгол” чуулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гуай анх үүсгэн байгуулсан түүхтэй. Энэхүү чуулгаас Монголын эстрад урлагийн алдартай удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид төрсөн байдаг. Тухайлбал, Х.Төмөр, Л.Оюунчимэг, Х.Галхүү, М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг, Ч.Алтанцэцэг зэрэг уран бүтээлчийг нэрлэж болох. Эдгээр уран бүтээлчдийн залгамж халаа болсон залуус “Jazzahead” жазз хөгжмийн наадмын тайзнаа бие даасан тоглолтоо хийхдээ шинэ бүтээлүүдээс гадна ардын дууны найруулга, морин хуурын татлага, уртын дуу, ардын дуу зэргийг багтаасан нь наадмын зохион байгуулагчид болон үзэгчдэд ихээхэн таалагджээ. Ийнхүү тэд дэлхийн тайзан дээр тоглосноороо тус чуулгын уран бүтээлчдийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, өөрсдийн ур чадвар, чансааг тодорхойлохоос гадна монгол жазз хөгжмийг дэлхийд таниулах, эх орноо сурталчлах зэрэг өндөр ач холбогдолтой үйл явдал болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)