П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын  модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнг урьж, ярилцлаа. Тэрбээр дэлхий дахинаа хөгжиж буй спортын нэгэн төрлийг эх орондоо  нутагшуулах үндэс суурийг тавилцсан  тулгын чулууны нэг нь юм.

 

-Монголд модон барилдааны  спорт хөгжөөд аль хэдийнэ арван жил болсон байна.  Анх хэрхэн энэ спортыг эх орондоо нутагшуулахаар болов. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Хэний  ч мэдэхгүй спортыг  эх орондоо  хөгжүүлж эхлэхэд анх хэн ч ойлгохгүй  хүндрэлтэй байсан. 2014 онд ОХУ-ын Якутад модон барилдааны  анхдугаар ДАШТ зохион байгуулагдсан юм. Тухайн үед тэнд суралцаж байсан Б.Эрдэнэванчиг  тэмцээн болох гэж байгааг хэлсэн.  Тэгээд Монголын баг тамирчид ДАШТ-ийг зорьсон юм.

Модон барилдааны анхдугаар  ДАШТ-ээс Монголын баг тамирчид  хоёр хүрэл медаль авчирч чадсан.  Тэгээд л энэ спорт монгол хүний биеийн онцлогт тохирох юм байна, шинэ хөгжиж байгаа спортын төрлөөр монгол залуучууд дэлхийд амжилт гаргах бүрэн боломжтой юм байна гэсэн бодлоос үндэслэж эх орондоо нутагшуулахыг  хичээсэн. Тухайн үед нэг жинд 2-3 тамирчин оролцож байсан. Тэмцээнд оролцогчдын тоонд хүртэл өөрөө ороод явж байлаа. Би 2015-2016  онд УАШТ-нд амжилттай оролцож, ДАШТ-нд анх удаа оролцож, өөрийнхөө хэмжээнд  амжилтаа ахиулж чадсан. Бид анх арван жилийн өмнө 2013 онд албан ёсны  холбоогоо нээж,  олон улсад нэгдэж,  үйл ажиллагаа явуулж ажиллаж эхэлсэн.

-Энэ хугацаанд  тив дэлхийн дэвжээнд  амжилттай оролцож  ололт амжилтаар дүүрэн байсан гэж дүгнэж болох юм?

-Өнгөрсөн хугацаанд Монголын модон  барилдааны баг тамирчид  олон улсын зэрэглэлтэй  тэмцээн уралдаанаас 100 гаруй медаль хүртсэн байна. Тодруулбал, 2022 оны байдлаар  ДАШТ-ээс  дөрөв, Азийн хүүхдийн наадмаас гурав,  ААШТ-ээс 14 медаль хүртсэн амжилттай байна. Модон барилдаан  халз тулааны хүчний спорт юм.  Шударга, тамирчны бүх хараактарыг  гаргаж чаддаг өсөх ирээдүйтэй спорт. Олон улсын календерчилсан төлөвлөгөөгөөр  жилд 20 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулдаг.  Үүнээс Монголын баг тамирчид  12-13 тэмцээнд оролцдог.

-Модон барилдааны ААШТ-ийг зургадугаар сард Монголд зохион байгуулахаар болсон.  Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхээ хэрхэн авав?

-ААШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар азийн зургаан улс санал  дэвшүүлснээс  өнгөрсөн арванхоёрдугаар сард хариу гарч  манай улсад зохион байгуулах эрхийг өгсөн.  Энэ нь бид бүхний арван жилийн хугацаанд хэр их хичээл зүтгэл гаргаж ажилласан, тамирчдын амжилтаар дүгнэж өгсөн байх гэж бодож байна. Олон улсын холбоотой хамтран  өнгөрсөн хоёрдугаар сард  олон улсын шүүгч, дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр практик онолын сургалт авсан. Үүнээс Монгол Улсаас найман албан ёсны дасгалжуулагч төрсөн.  Цаашлаад  18 олон улсын шүүгчтэй болсон. Зургаадугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулагдах ААШТ-д  олон улсын сургалтад хамрагдсан Монголын шүүгчид маань дэнсэлнэ.

-Монголд модон барилдааны спортоор хичээллэж байгаа хэчнээн тамирчин байна вэ?

-Модон барилдаанаар хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.  Монгол Улсын хэмжээнд есөн салбар холбоо аймгуудад байгуулагдсан байна.  Энгийн хүний нүдээр хараад шүүх боломжтой шударга  спорт ховор байдаг. Энэ  спортод татагдах зүйл  бол тамирчин хүний дотоод зан чанарыг гаргадаг, шударга явагддаг. Энэ утгаараа  хүүхэд залуусын хичээллэх тоо нэмэгдэж  байна. Одоогоор Монголд 20 мянга гаруй модон барилдааны спортоор хичээллэгчид  бий. Манай улсад  хамгийн бага нь 10-11  настай тамирчин байна.  Бид арван жилийн өмнө таван жинд 32 тамирчинтай УАШТ-ийг зохион байгуулж байсан.   Харин өнөөдөр 10 жилийн ойгоо угтаж 22 жингийн ангилалд тэмцээнээ зохион байгуулсан нь ихээхэн амжилт гэж харж болох юм.

Модон барилдааны спорт  Монголд төдийгүй дэлхий  нийтэд үсрэнгүй хөгжиж байгаа спортын төрөл яах аргагүй мөн.  Одоо залуучууд манай өөрсдийн сонирхлоо дагаж энэ спортыг сонгож хичээллэж  байна.   Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг бүх сумдын хэмжээнд  тархсан. Мөн цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагынхан хичээллэж эхэлсэн. Сая  цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн  хүчний байгууллагын дунд албан ёсоор анхдугаар  тэмцээнээ  зохион байгуулж 300 тамирчин оролцсон өргөн цар хүрээг хамарсан.

-Модон барилдааны  спорт дэлхийн олон орон хөгжсөн спортын нэг төрөл. Монголын тамирчид амжилтаараа дэлхийд хэдэд эрэмбэлэгддэг вэ?

-Дэлхийн 93 оронд  модон барилдааны спорт хөгжсөн.  Таван  тивд тэмцээн зохион байгуулагдаж байна. Хоёр жилд нэг удаа  ДАШТ болдог байсан бол  одооноос жил бүр зохион байгуулахаар болсон. Монголын тамирчид бяртай, сэтгэл зүй өндөр, бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг.  Зангидсан гар шиг нэг хамт олон болж  олон улсын тэмцээнд амжилттай оролцож чаддаг. Үүгээрээ олон улс, тив дэлхийд танигдаж чаддаг гэж үнэлдэг. Модон барилдаан спортын амжилтаар  нэгдүгээрт эзэн орон  ОХУ-ын Якутын тамирчид, Киргыз, Монгол, АНУ гэж эрэмбэлэгддэг.  Монголын тамирчид  амжилтаараа гуравдугаарт бичигддэг.   Бид  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг баг хамт олон бүрдэж чадсан. Модон барилдааны спорт олимпын төрөлд орох шилдэг  спортын тоонд орсон байгаа.

-Арван жилийн  ойгоо угтаж,  ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Бид бүхэн арван жилийн ойн хүрээнд 2023 он гарснаар 38 дахь удаагийнхаа тэмцээнийг зохион байгууллаа. Энэ он бол  бидний хувьд ололт амжилтаар дүүрэн жил байсан. Учир нь  Монгол Улсын 15 мянган цагдаа, дотоодын цэргийн залуусын дунд модон барилдааны спортыг дэлгэрүүллээ.  Мөн арван жилийн ойн хүрээнд бид бүхэнд маш их хариуцлага хүлээлгэж ААШТ-ийг зохион байгуулах эрх олгосон. Үүнтэй холбоотой эх орондоо анхныхаа тивийн аваргыг хүлээж авахаар бэлтгэл ажилдаа орсон.  Мөн  УАШТ-ийг дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд  дүүрэг, аймаг бүрт аваргуудаа тодруулж байна.

-Спортын төрөл бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Модон барил­дааны  хувьд шударга байдлыг илүү тодотгодог  харагддаг?

-Тэгэлгүй яахав. Тэмцээний үйл явц,  уур  амьсгал нь их гоё өрнөдөг.  Бүх зүйл шударга. Модон барилдаан үүсэж хөгжсөн Якут Улс эрс тэрс уур амьсгалтай.  Энэ спорт нь  утгаараа хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг тамирчнаас шаарддаг монгол хүний  биеийн онцлогт тохирдог. Модонг барилдааны  спорт  хүчнээс гадна  оюун санаа, авхаалж самбаагаа бүгдийг нь хослуулж  амжилтад хүрнэ.  Энэ спортоор хичээллэгчид зөв бие бялдартай болно. Хүмүүжил,   хурд хүч, аливаа  зүйлд анхаарлаа сайн төвлөрүүлэх  зан чанарыг суулгаж өгдөг.

Хүн бүр математикч, спортсмен болох албагүй. Гэхдээ биеийн тамир  бол хүний амьдралд хэвшмэл ойлголтоор заавал байх ёстой.   Тийм учраас ямар нэгэн спортоор  хичээллэж, өөрийнхөө бие бялдар, оюун санаандаа хөрөнгө оруулалт хийх  хэрэгтэй.  Жишээлбэл, модон барилдааны спортоор хичээллэснээр  шударга, хурдтай, сэтгэн бодох чадвар өндөр түвшинд хүрдэг. Тиймээс  хэдэн ч настай хүн энэ спортоор хичээллэх боломжтой. Монголчууд энэ спортоор аль хэдийнээ  дэлхийд танигдчихсан. Тийм болохоор бид бүхний зорилго бол модон барилдааны спортоос олон залуучуудын цээжинд нь гал асааж,  спортын нэгэн шинэ төрлөөр  дэлхийд амжилт гаргах. Мөн  тухайн тамирчний   насан туршдаа бахархаж явах гэрэлт ертөнцийг нь бүтээхийн төлөө хичээж байна. Бид бүхэн байгуулагдсан цагаасаа тэмцээнээ байнгын нээлттэй зохион байгуулдаг. Ингэснээр залуу өсөх ирээдүйтэй тамирчид мэргэжлийн тамирчдаас туршлага судлах боломжтой.  Туршлага орон нутагтаа очоод бэлтгэлдээ  хэрэгжүүлдэг. Шигшээ  багийн тамирчидтай сонирхогчдын түвшний тамирчид бэлтгэл сургуулилтад хамт хамрагдах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)