Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа уран гулгагч Г.Марал-Эрдэнийн тухай онцолж байна. Тэрбээр Монголын уран гулгалтыг дэлхийд сурталчилж яваа цорын ганц мэргэжлийн тамирчин билээ.

 

Японы бүх хотоор тоглолт хийсэн

 

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ 1996 оны тавдугаар сарын 25-нд төржээ. Тэрбээр таван настайдаа эцэг эхийн хамт Япон улс руу нүүсэн аж. Ингээд 2005 оноос Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна. Анх хоёрдугаар ангийн сурагч байхдаа уран гулгалтын сургалтад долоо хоногт хоёр удаа явдаг байжээ. Тэрхүү сургалтаа төгсөөд шалгалтад тэнцэж, тавдугаар ангиасаа мэргэжлийн клубт орсноор энэ спортоор тогтмол хичээллэх болсон байна. Г.Марал-Эрдэнэ "Миний мөрөөдөл бол уран гулгалт. Одоогоор би ганцаараа Монголын уран гулгалтын тамирчин гэж цоллуулж байна. Харин цаашдын зорилго минь хойч үе болсон дараагийн шинэ тамирчнаа бэлтгэх. Би өөрийн мэддэг туршлагаа бүгдийг нь зааж өгмөөр байна. Эх орондоо энэ спортыг улам хөгжүүлэхийг хүсч байна" гэжээ. Тэрбээр 2018-2021 онд олимпын мөнгөн медальт, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн гулгалтын багт шалгалт өгч, энэхүү шоунд мэргэжлийн тамирчнаар ажилласан ажээ. Мөн Японы бүх хотоор тоглолт хийж, нийт 204 удаагийн тоглолтод оролцсон байна.

 

Өвлийн XXIX Универсиад наадамд амжилттай оролцов

 

Г.Марал-Эрдэнэ анх 14 настайдаа Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцож байсан бол 2019 онд ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулсан өвлийн XXIX Универсиад наадамд амжилттай оролцсоноор түүнийг монголчууд сайн мэддэг болсон. Энэхүү тэмцээний уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Марал-Эрдэнэ 24.5 оноогоор 30-р байрт орсноор Монголын уран гулгалтын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мөн  Азийн өвлийн наадамд 16-р байр, Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 35 дугаар байр эзэлж байв. Үүнээс гадна Азийн цомын тэмцээний 17-р байр,  2017оны Финландын цомын тэмцээнд 25-р байр эзэлсэн гээд түүний амжилтын буухиа урт цуварна. Г.Марал-Эрдэнэ Японы Нагоя хотын Чюүкёо их сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө сургуулийнхаа магистрт Сэтгэл судлал, спортын чиглэлээр үргэлжлүүлэн сурч байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)