П.АМГАЛАН

 

Монголын сонгодог урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас бичиж, УДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодог дуурь шинээр мэндлэхэд бэлэн болжээ. Тус театрын хамт олон  дөрөвдүгээр сарын 29, 30-нд 17:00 цагаас Ж.Вердийн  алдарт “Макбет” дууриар хөшгөө нээх нь ээ. Шинэ уран бүтээлийн талаар тус театрын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

 

1847, 1865 оны хувилбарыг нэгтгэсэн “Макбет”

УДБЭТ-ын захирал Ц.Төвшинтөгс “Энэ жил УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд 50 гаруй дуурь, бүжгэн жүжиг үзэгчдэд хүрсэн байна. Цаг үе хувьсан өөрчлөгдөж бид театрынхаа урын санг шилдэг бүтээлээр баяжуулах хүсэл сонирхол, эрмэлзэлтэй ажиллаж буй. Тиймээс шинэ уран бүтээл болох Ж.Вердийн алдарт "Макбет" дуурийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон. Уран бүтээлчдийн өмнө маш том сорилт тулгарч байна. Учир нь  энэ дуурь бол маш хүнд. Бид энэ сорилтыг даван  туулж чадна” гэлээ.

Яах аргагүй “Макбет” бол  Шекспирийн хамгийн алдартай  эмгэнэлт зохиолоос сэдэвлэсэн  Ж.Вердийн  алдарт  гурван дуурийн нэг юм. “Макбет”-ийн бүрэн нэр нь  “Макбетийн эмгэнэл”. Хувийн ашиг сонирхлын төлөө эрх  мэдлийг эрэлхийлсэн  хүний  бие махбодь, сэтгэл зүйд ямар хор уршигтайг тайзнаа харуулсан жүжиг юм. “Макбет” дуурь 1847 оны гуравдугаар  сарын 14-д  Театр делла  Пергола театрт нээлтээ  хийж их амжилтад хүрсэн байдаг. Гэвч хэтэрхий хүнд зохиол байна гэсэн шүүмжид өртөж,  дараа нь 1865 онд дахин засвар хийж, Парист нээлтээ хийсэн түүхтэй. Энэ тухай УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга “Макбет" дуурийн 1847 болон 1865 оны хувилбарыг нэгтгэсэн найруулгаар үзэгчдэд хүргэхээрээ онцлог. Өнөө цагт Монголын театрт нээлтээ хийх гэж буй "Макбет" дуурьд чадварлаг уран бүтээлчид тоглож, амилуулна. Монгол хүний сэтгэхүй, монгол хүний мэдрэмжээр агуу Ж.Вердийн дуурь хэрхэн эгшиглэх вэ гэдгийг үзэгчид сонсох, харах боломжтой” гэв. Харин тус дуурийн удирдаачаар ажиллаж буй Итали улсын удирдаач Степано Торболи “Би Монголд анх удаа ирж байна. Маш их баяртай байна. Гайхалтай театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг. Бидний бэлтгэлээс харахад энэ удаагийн тоглолт маш гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

“Макбет”-ын баг

“Макбет” дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга,  удирдаачаар Итали улсын удирдаач Степано Торболи, дуурийн ерөнхий хормейстерээр  УДБЭТ-ын  хормейстер Н.Дашбямба,  хормейстер  Д.Отгонбаатар,  бүжгийн найруулагчаар УДБЭТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстр Соёлын тэргүүний ажилтан Д.Дашлхагва, төгөлдөр хуурчаар Гавьяат жүжигчин Б.Солонго,  УДБЭТ-ын  концертмейстр Б.Оюунгэрэл, Э.Намуун,  Соёлын тэргүүний ажилтан Х.Уртнасан, УДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид, найрал дуучид, балетын жүжигчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй.

 

Ж.Вердийн  алдарт “Макбет” дуурь гайхалтай ертөнц, мэдрэмж бүхий дөрвөн бүлэгт үзэгчдийг аялуулах юм. Дэлхийн сонгодог дуурийг анх удаа Монголын хөрсөнд буулгах уран бүтээлчдээ танилцуулъя.

 

♦ “Макбет”-д гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар

♦ Хатагтай “Макбет”-д гоцлол дуучин Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран

♦ “Банко”-д гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан С.Бат-эрдэнэ,

♦ “Макдуф”-д гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан М.Даваадорж, гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал,

♦ “Мальколм”-д гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд,  гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт,

♦ “Фрейлина”-д  гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан М.Даариймаа,  гоцлол дуучин Ж.Энхмаа, 

♦"Эмч"-д гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг, гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхтөр, 

♦ Алуурчинд  Э.Амарсайн,  Х.Бямбарагчаа, үйлчлэгч, зэвсэгчид  Д.Пүрэвжав, Т.Одбаяр, “Дункан”-д Л.Батбаатар тоглохоор бэлтгэлээ базааж байна.

 

Фото: Ж.Вердийн "Макбет" удахгүй үзэгчдэд хүрнэ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)