П.АМГАЛАНБАЯР
Түүний амьдралын замналаас спортыг ялгаж салгахын аргагүй. Тэвчээр, хатуужил, цаг хугацааны хөлсөөр үнэ цэн нь ирдэг жүдогийн татамид тэрбээр амьдралынхаа 16 жилийг зориулсан. Энэхүү хугацаанд спортын хорхойтнуудыг огшоосон, дэвжээ, дэлгэцийн өмнө уясан олон сонирхолтой барилдаан түүний намтрыг тодруулдаг. Тийм ээ. Тэр бяр, мэхийн гайхамшгийг олон ч дэвжээнд харуулж, дэлхийд чансаагаараа долоод эрэмбэлэгдэж явсан спортын нэгэн цаг үеийн түүхэн амжилтын эзэн. Баяр, гунигийн нулимстай буусан дэвжээ бүр түүнийг хурцалж, олимпын шагналт дөрөвдүгээр байр, дэлхийн аваргын хүрэл медалийн тавцанд хөтөлж чадсан юм.
Тэр их азтай тамирчин. Ингэж тодотгосны учир нь тив, дэлхийн дэвжээнд нөхрөөрөө дасгалжуулж гарна гэдэг ховорхон хувь заяа. Түүний хань Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар олон ч тамирчинг амжилтын тавцанд хөтөлсөн нэгэн.
Х.Болдбаатар одоо ч дасгалжуулагчаар ажиллаж, Монголын жүдогийн түүхэнд нэгэн цаг үеийн амжилтыг бүтээлцэж явна. Төрийнхөө цол, тэмдгийг энгэртээ хосоороо гялалзуулж яваа гэр бүлийн гэргий гавьяат тамирчин Ц.Мөнхзаяаг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа урьж, ярилцлаа.
-Та 2015 онд ДАШТ-аас хүрэл медаль авсаныхаа дараа Гавьяат тамирчин цол хүртсэн. Олон баярт мөчүүд давхацсан цаг хугацаа байсан болов уу?
-Спортын замналаар олон жил зүтгэснийхээ үр шимийг хүртэж, ДАШТ-аас хүрэл медаль авч, мөн төрийнхөө шагналыг хүртэх үнэхээр сайхан мэдрэмж байсан. Үүнийгээ дагаад хариуцлага, үүрэг маань илүү нэмэгдэж байна гэж бодсон.
-ДАШТ-ий эхний тойрогт Кубын бөхтэй таарсан. Энэ барилдаан их сонирхолтой болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
-Эхний тойрогт өмнө нь барилдаж үзээгүй Кубын бөхтэй таарсан. Барилдааны үед тухайн бөх ямар хөдөлгөөн хийх бол гэдэгт бэлэн биш байсан учраас хүндрэлтэй байсан. Барилдаан эхлээд удаагүй байхад Кубын бөх намайг шидэхэд нь би нумраад унасан. Тэр үед шүүгч нар ярилцаад дахин барилдуулахаар болсон юм. Дараагийн барилдаан эхэлж, Кубын бөх намайг тонгорохдоо миний өмдөнд хүрсэн. Тэр үед өмдөнд хүрч болохгүй гэсэн дүрэм байсан учраас Кубын бөхийг торгоод хассан. Өрсөлдөгч маань их бяртай байсан тул магадгүй би бараг унагааж чадахааргүй байсан байх. Хэрэв энэ барилдаанд ялагдсан бол эхнийхээ тойрогт хожигдоод, ДАШТ-ээ өндөрлүүлэх байсан юм.
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд Израйлын бөхийг ялж, медалийн тавцанд зогсох үеийн мэдрэмж ямар байв?
-Авч үзээгүй медалиа аваад шагналын тавцанд зогсох мөч их гоё мэдрэмж төрүүлсэн. Нөхөр маань ч “Миний авч чадаагүй медалийг авсан” гээд их баярласан. Гэр бүлийнхэн, багш дасгалжуулагчид, тамирчид гээд олон хүний ерөөлөөр энэ медалийн эзэн болсон гэж бэлгэшээдэг. Хүрэл медалийн төлөөх барилдаанаа Израйлын бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ярден Жербитэй хийсэн. Тэрбээр миний жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг. Бид хоёр өмнө 5-6 удаа барилдаж, би дөрөв ялж, хоёр ялагдсан юм. Тиймээс нэг нэгнийхээ барилдааны онцлогийг мэддэг. Бид хоёрын барилдаан таардаг байсан л даа. Би медалийн төлөө барилдахдаа өөрийгөө ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Барилдаан эхлээд удаагүй байхад мордож шидээд үнэлгээ авсан. Эхэлж үнэлгээ авсан учраас цаг дуустал оноогоо хамгаалах хэрэгтэй. Торгууль авах бас унахгүйн тулд нэлээн тактиктай барилдах шаардлагатай болсон шүү.
-Таны спортын замналын хуудсанд бичигдэх амжилтын нэг бол 2012 оны Лондонгийн олимп. Медалийн үзүүрээс атгаад үлдсэн. Тэр үед та эхлээд Францын бөхөд ялагдчихсан байсан бол хүрэл медаль авах боломж байсан гэж ярьдаг?
-Тамирчин хүн ялагдъя гэж дэвжээн дээр гарахгүй шүү дээ. Гэхдээ тэр үед би Францын бөхөд ялагдчихсан бол хүрэл медаль авах боломж байсан. Учир нь хүрэл медалийн төлөө Японы бөхтэй барилдаж торгуулиар ялагдсан. Японы бөхтэй яаж ч хичээгээд барилдаан таараагүй. Гэхдээ зооны аваргын барилдаанд давах магадлал байсан ч би тухайн үед их том алдаа гаргасан.
-Ямар алдаа юм бол?
-Зооны аваргын барилдаанд таарсан бөх миний хойшоо шидээд үнэлгээ авдаг мэхийг сайн судалсан байсан. Тэгээд өрсөлдөгч бөх маань хариу мэх хийж үнэлгээ авсан. Гэхдээ үнэлгээ болгохгүй байх боломж байсан. Тэр үед шүүгч нар өрсөлдөгч бөхөд маань цэвэр ялалт заасан юм.
-Лондонгийн олимпын дараа хэсэг завсарласан. Ээж болоод эргээд дэвжээнд гарах мэдрэмж хэр өөр байсан бэ?
-Олимпын наадмын дараа хүүхэдтэй болно гээд төлөвлөж байсан юм. Охиноо төрүүлээд 4-5 сарын дараа бэлтгэлдээ орсон. Энэ үед би гар дээрээ нэг ч сунайж, гэдэсний таталт хийж чадахаа больсон байсан. Тэр үед “Би яаж буцаж барилдах юм бол” гэж боддог байлаа. Намайг гэдэсний таталт хийж чадахгүй байсан чинь нөхөр ч их гайхсан. Тэр үед охиноо гаргаад 20 килограмм жин нэмсэн. Би хажууд хүн л шахахгүй бол ганцаараа юу ч хийж чаддаггүй төрлийн хүн. Энэ занг минь нөхөр мэддэг учраас Ч.Болдбаатар багштай гэрээ хийж, бэлтгэлээ хийж эхэлсэн. Жиндээ орох гэж их бэлтгэл хийсэн нь миний суурь бэлтгэл болсон гэж боддог.
-Таны нөхөр Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын гараас тив, дэлхийн олон медальтан төрсөн. Гэр бүлээрээ нэгэн цаг үеийн спортын хуудсыг бичилцэнэ гэдэг ховор хувь заяа шүү?
-Спортын гэр бүл байх сайхан. Гэхдээ сул тал нь нөхөртөө эрхлээд, хэлсэн үгэнд нь гомдоод, үүрэг даалгаврыг нь гүйцэтгэхгүй байх тохиолдол байна. Үүнийг 2016 оны олимпын үеэр мэдэрсэн. Бэлтгэлийн үед нөхөр маань “Хятадын Ян Жуншиа хэвтээ байрлалаас дардаг. Энэ мэхийг сайн давтаарай” гэсэн юм. Тэр үед би “Мэдэж байна” гээд нөхрийнхөө хэлсэн мэхийг давтахгүй яваад л байсан. Тэгсэн 2016 оны олимпын наадмын хоёрдугаар тойрог дээр Хятадын бөхтэй таарсан. Барилдааны явцад хожиж явж байгаад нөхрийнхөө хэлж байсан даралтад нь ороод хожигдсон юм. Тэр үед олимп дуусаад зодог тайлах шийдвэр гаргачихсан байлаа. Гэхдээ спортынхоо замналыг ялагдлаар дуусгачихаар харамсалтай санагдаад тэр ондоо “Чиндао-2016” ГранПри тэмцээнд оролцож, нөгөө Хятадын тамирчнаа ялж, санаа амарсан даа.
-2015 оны ААШТ-ий барилдааны үеэр таны мөр мултарсан. Бэртэлтэй байсан ч их тэвчээр гаргаж, алтан медалийг энгэртээ гялалзуулж чадсан. Энэ барилдааны талаар хуваалцахгүй юу?
-Би ААШТ-ээс мөнгө, хүрэл медаль авч байсан ч түрүүлж үзээгүй байсан юм. 2015 оны ААШТ-ий барилдаанд аваргын төлөө Японы бөхтэй таарсан. Барилдааны үед миний мөр мултарсан ч оноогоороо хожиж явсан, дээрээс нь авч үзээгүй медалиа авахын төлөө гүрийсэн. Гэхдээ тэмцээний үед өвчин бараг мэдрэгддэггүй.
-Энэ тэмцээнд таныг гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од дасгалжуулсан байх аа?
-2015 оны ААШТ-д Х.Эрдэнэт-Од багш эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Нөхөр маань энэ үед Хятадад багшилж байсан юм. Х.Эрдэнэт-Од багш өөрөө тамирчны олон жилийн замналтай учраас жаргал, зовлонг нь сайн мэднэ. Тиймээс тэмцээний үеэр ойлголцож чаддаг юм.
-Мэдээж дэвжээ бүхнээс ялж бууна гэдэг ховор. Таны хувьд ялагдлыг хэр хүлээж авдаг байв?
-Би ялагдлыг их хүндээр тусгаж авдаг байсан. Ганцхан өөрийгөө ийм сэтгэлзүйтэй юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл дараа нь М.Уранцэцэг, П.Лхамдэгд гээд тамирчдаасаа асуухад бүгд л ялагдлыг их хүндээр тусгаж авдаг гэж хариулсан.
-Та 16 жил барилдаад зодог тайлсан. Одоо эргээд барилдахсан гэсэн хүсэл, мэдрэмж төрдөг үү?
-Хүүхэд төрүүлээд дунд нь завсарлачихсан учраас зодог тайлсны дараах тэр мэдрэмж харьцангуй бага байсан шүү. Одоо “Капитрон” банканд хүний нөөцийн менежерээр ажиллаж байна.
-Тамирчид зодог тайлсныхаа дараа ихэнх нь дасгалжуулагчийн замналыг сонгодог. Магадгүй ирээдүйд танд дасгалжуулагчаар ажиллах зорилго бий юу?
-Дасгалжуулагчаар ажиллах нь олон хүүхдийн хүсэл, зорилгыг тээдэг маш хариуцлагатай ажил. Нөхрийн минь чин сэтгэлд жүдо үргэлж уяатай явдаг болохоор энэ салбартаа тууштай ажилладаг. Манай гэр бүлийн том зорилгын нэг нь спорт заалтай болох. Спорт бол миний амьдралын салшгүй орон зай. Би спортын замналд орсноороо амьдралынхаа ханийг олсон. Намайг үргэлж, ойлгодог дэмждэг сайн хүнтэй учирсан. Хүүхдээ төрүүлсний дараа барилдана гэхэд нөхөр маань дургүйцсэн бол би өөрийн хүссэн амжилтдаа хүрч чадахгүй байсан. Ямар ч цаг үед намайг ойлгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхахад үргэлж дэмждэгт нь баярладаг.
-Ааваараа хөтлүүлж анх жүдо бөхийн татамид хөл тавьсан гэж сонссон. Охиноо бөх болгох нь аавын тань мөрөөдөл байсан уу?
-Би дээрээ зургаан эгчтэй айлын бага. Аав минь намайг л хүү байгаасай гэж бодсон байх. Анх аав “Миний охин жүдогоор барилдах уу” гэхэд нь би “Эмэгтэй хүн барилддаг юм уу” гэж асууж байсан. Удаа ч үгүй нэг өдөр аавын асуусан санаанд ороход гэнэт барилдаж үзье гэж бодоод аавыгаа дагуулаад Спортын төв ордонд очиж байлаа. Б.Буядаа багшийнхаа шавь болж, ийнхүү жүдод 14 настайдаа хөл тавьсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн “Монгол охид”, “Мяндас”, “Женко” гэсэн гурван клуб л байсан. Би “Мяндас” клубт нь орж байлаа. Анх барилдаад давахад их сайхан санагдсан шүү. Аав минь хотод болж байгаа тэмцээн бүрийг алгасахгүй үзнэ. Олон зүйл хэлэхгүй харцаараа л бүхнийг ойлгуулчихдаг байсан. Даанч аав минь 2013 онд бурхан болсон. Түүнээс өмнө аавыгаа тултал нь баярлуулж, том медаль авч чадаагүй. Гэхдээ л аав минь миний гаргасан жаахан амжилт бүхэнд надаас илүү баярладаг байсан даа. Харин ээж минь миний барилдааныг үзэж чаддаггүй байсан гэсэн.
-Анхны бүхэн сэтгэлд тод үлдсэн байдаг. Таны спортын замналын анхны амжилт бүхий дурсамжаас хуваалцмаар байна?
-Эхлээд олон тэмцээнд оролцож, ялагдал амссан. Тэмцээн бүрт эгч маань хамт явна. Гэтэл би тэмцээнийхээ эхний тойрогтоо л ялагдчихдаг байсан. Нэг өдөр эгч “Чи дандаа эхний тойрогтоо” уначихдаг биз дээ гээд надтай хамт явахаа больсон. Харин анх 16 наснаасаа эхлээд оролцсон тэмцээн бүрээсээ медаль авч эхэлсэн. Бөхөөр хичээллэж эхлээд анх самбо бөхийн УАШТ-ээс алтан медаль авч байсан. Тэгээд шигшээ баг руу шилжиж клуб дээр бэлтгэл хийх нь багассан. Шигшээ багт ороход эхлээд Ч.Насантогтох багш, дараа нь Х.Болдбаатар багш ажиллаж байсан. Ч.Насантогтох багш маань их бэлтгэл хийлгэнэ. Тэр үед нас бага байсан учраас хэцүү санагддаг үе байлаа. Сүүлд нь тэр үеэ бодоод их харамссан. Залхуурахгүй, одоо бодож байгаа шигээ бодолтой байсан бол эрт амжилт гаргах байсан даа гэж бодогддог. Мөн Балжаа, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, П.Нямлхагва гээд багш нарынхаа аргаа ухаанаас олон зүйл сурсан.
-Жүдо хэмээх их спортыг сонирхож, яг л тань шиг дэлхийн дэвжээнд хүч үзэх хүсэлтэй олон тамирчин бий. Тэдгээр залууст юу гэж зөвлөмөөр байна?
-2016 оны олимпын үеэр миний хуучин бэртлүүд сэдрээд өвдөг хавдчихаад бэлтгэл хийж чадахгүй үе байсан. Эмэгтэй тамирчид ер нь 27-28 наснаас эхлээд бие бялдарын хувьд ч хэцүү болж эхэлдэг юм шиг санагдсан. Тиймээс оройтож биш эрт ойлгоод, залуу насан дээрээ хичээж, хөдөлмөрлөөрэй гэж хэлье.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)