Б.ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос эхэлсэн хөл хориог эсэргүүцсэн жагсаал Шанхай хотод үргэлжилж байна.  Хятадын тухайд “zero-Covid” буюу “тэг-ковид” бодлогыг хэрэгжүүлж, COVID-19-ийн тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хорионы дэглэм баримталж буй. Гэвч үүнийг эсэргүүцсэн иргэд цугларан ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө жагсаж эхлээд байгаа юм. Тэд гурван жил орчим үргэлжилсэн бүх нийтийн шинжилгээ, хөл хорио, хязгаарлалт, иргэдийн маршрутыг хянах цахим систем, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал гэсэн хэд хэдэн шийдвэрийг эсэргүүцэн, тус улсын удирдагч Ши Жиньпинийг огцрохыг шаардан өнгөрөгч амралтын өдрүүдэд жагслаа.

Эсэргүүцлийн энэ жагсаал Шинжаанийн бүс нутгаас анх эхэлсэн юм. Тодруулбал, Шинжаань мужийн нийслэл Өрөмч хотын нэгэн орон  сууцанд өнгөрөгч пүрэв гарагч гарсан түймрийн улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ. Хөл хорио тогтоосон учир гал унтраагчид орон сууцны оршин суугчдыг хохирогчдод ойртуулаагүйгээс бухимдсан иргэдийн бичлэг цахим орчинд тархсан билээ. Өрөмч хотынхон сүүлийн 100 гаруй хоногийн турш хөл хорионд орж, гэрээсээ гарах эрхгүй байсан нь эсэргүүцлийн жагсаал эхлэх үндэс болсон гэж “CNN” мэдээлэв.

Цахим орчинд тархсан бичлэгээс харвал Өрөмч хотын иргэд баасан гарагт хөл хориог цуцлахыг шаардан Засаг захиргааны байраа тойрон алхжээ. Энэ бичлэг богино хугацаанд олон нийтэд тархаж, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотын иргэд, их сургуулийн оюутнууд гудамжнаа гарч эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Тэд хязгаарлалтын эсрэг бэлгэ тэмдэг болох юу ч бичээгүй хоосон бичгийн цаас барин зогсож “Хүний эрх, эрх чөлөөг бидэнд олгооч”, “Ши Жиньпин огцор”  хэмээн хашгирчээ.

Жагсаалд нэгдсэн Шанхай хотын иргэд хоёр сарын туршид хатуу хөл хорионд орж, хоол хүнс, эм,хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсээ  ч авах эрхгүй байсан учир тэдний уур бухимдал дээд цэгтээ хүрсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Олныг хамарсан энэ жагсаал Ухань, Чэнду, Гуанжоу хотод үргэлжилж, дан ганц хөл хориог цуцлахыг шаардаад зогсохгүй улс төрийн эрх чөлөө олгохыг уриалж, зарим иргэд гадагш гарахыг хориглосон хаалтыг даван гудамжинд гарч жагсжээ. Мөн Цинхуа, Пекин зэрэг томоохон их сургуулийн оюутнууд жагсаалд нэгдсэн байна.

Энэ талаар Жоржиагийн их сургуулийн профессор Мариа Репникова “Сүүлийн 20 орчим жилд болсон орон нутгийн жагсаалаас өөр хүрээний жагсаал боллоо. Өмнөх жагсаалууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудад төвлөрч, захирагчаа огцрохыг шаарддаг байв. Харин энэ удаагийн жагсаал COVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй бухимдлаа төв Засгийн газрын удирдагчдад илэрхийлж, олныг хамарч хүрээгээ тэллээ” гэж ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалуудын ихэнх нь нам гүм таржээ. Хятадын Засгийн газраас жагсаалтай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх нь чимээгүй байсан ч нэгэн сонин “Энэ жагсаал шинжлэх ухааны хувьд ч үр дүнтэй арга” хэмээн бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)