Б.НЯМСҮРЭН
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп харилцан тариф тогтоосноо 90 хоног хойшлуулах шийдвэр гарснаар сүүлийн хоёр долоо хоногийн турш донсолсон санхүүгийн нөхцөл байдал эргэн сайжирч эхэлсэн. Энэ сарын 3-ныг “Чөлөөлөлтийн өдөр” хэмээн зарлаж, дэлхийн улс орнуудад 10-125 хувийн тариф ногдуулсанаа АНУ-ын ерөнхийлөгч сүр дуулиантайгаар мэдэгдсэн. Гэсэн ч энэхүү шийдвэрээ 90 хоног хойшлуулсанаа дахин мэдэгдэж, гагцхүү худалдааны дайны гол өрсөлдөгч БНХАУ-г энэ шийдвэрт хамаарахгүй хэмээн даажинтай ч юм шиг хоржоонтойхон шийдвэрээ танилцуулсан билээ. Тэгвэл хоёр хоногийн дараа эл шийдвэрээ дахин эргэн харсан байна.
БНХАУ нь АНУ-ын хувьд гурав дахь том худалдааны түнш юм. Өнгөрсөн жил АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт $582.4 тэрбум ам.доллар байснаас 143.5 тэрбум ам.долларын экспортыг Хятад руу гаргаж, 438.9 тэрбум ам.долларын импорт хийжээ. Өөрөөр хэлбэл, бараг гурав дахин их өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас оруулж ирдэг учир тэдгээр барааны үнэ эрс нэмэгдсэнээр эцсийн хэрэглэгчдэд тусах ачаалал хүндхэн байхаар тооцоолол гараад байсан.
Хамгийн сүүлд буюу пүрэв гарагт Трамп БНХАУ-ын импортын бараанд 125 хувийн татвар ногдуулах тухай зарлаж, энэхүү татвар 90 хоногийн хойшлуулсан завсарлагаас ангид байх болно хэмээж байв. Гэвч БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд тэр дундаа гар утас, цахилгаан бараа электрон төхөөрөмжид өндөр татвар ногдуулснаар iphone зэрэг эдийн засгийн ач холбогдол өндөртэй гар утас, цахилгаан барааны үнэ эрс өсөх нөхцөл байдал үүсээд байсан. Тодруулбал, жил бүр шинэчлэгдэж байдаг iphone утас гэхэд гурав дахин нэмэгдэж 3000 ам долларыг ч давж болзошгүй тооцооллыг эдийн засагчид сэрэмжүүлж байсан юм.
АНУ-д худалдаалагддаг Apple-ийн iPhone утасны 80 орчим хувийг Хятадад, үлдсэн 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг. Ухаалаг гар утасны аварга “Samsung” компанийн нэгэн адил “Apple” сүүлийн жилүүдэд Хятадад хэт найдахаас зайлсхийхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээж байна. Ингэснээр Энэтхэг, Вьетнам улсуудад үйлдвэрлэлийн төвүүдээ байгуулахад ихээхэн анхаарах болжээ. Тариф хэрэгжиж эхэлснээр Apple сүүлийн өдрүүдэд Энэтхэгт үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээ хурдасгаж, нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэж мэдээлж байна.
БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдээс iphone гэлтгүй бүх төрлийн ухаалаг утас, компьютер болон цахилгааны хагас дамжуулагч, нарны зай, санах ойн карт зэрэг бусад электрон төхөөрөмж, эд ангиуд энэ татварын хөнгөлөлтөд багтаж байна. Ингэснээр “Apple”, “Nvidia”, “Microsoft” зэрэг БНХАУ-д угсралт явуулдаг технологийн фирмүүд багахан ч болов амсхийх боломжтой болж байна. Нөгөө талаар энэхүү шийдвэрийг Цагаан ордон тайлбарлахдаа, компаниуд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай учир ийм чөлөөлөлт явуулсан хэмээн мэдэгдэв.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Ерөнхийлөгч Трамп Америк хагас дамжуулагч, чип, ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэрэг чухал технологи үйлдвэрлэхэд Хятадад найдаж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн” гэж мэдэгдэв.
Мөн тэрээр “Ерөнхийлөгчийн зааврын дагуу эдгээр компаниуд АНУ-д үйлдвэрлэлээ аль болох хурдан эхлүүлэхээр яарч байна” гэсэн юм.
Амралтын өдрүүдээ Флорида дахь гэртээ өнгөрөөж буй Трамп баасан гарагт сэтгүүлчдэд Хятадад ногдуулах өндөр татварт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ. Тэрээр өөрийнх нь санаачилсан импортын татвар дэлхийн худалдааны систем дэх шударга бус байдлыг арилгахаас гадна ажлын байр, үйлдвэрүүдийг АНУ-д эргүүлэн авчрах болно гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 68 (7565)