З.БАТЦЭЦЭГ

 

Английн шигшээ багийн хагас хамгаалагч асан Дэвид Бекхэм II Элизабеттай салах ёс гүйцэтгэх гэж Вестминстерийн ордонд орохын тулд 12 цаг оочерлосон байна. Тэрээр энэ тухай Sky News-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Бекхэм Их Британийн "онцгой" хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн гэж мэдэгдэв. Д.Бекхэм Британийн хаант засаглалтай холбоотой хамгийн мартагдашгүй мөчийг өөрт нь Британийн эзэнт гүрний одон гардуулах үе байсан гэж нэрлэжээ. “Миний амьдралд Эрхэм дээдсийн дэргэд байх ийм мөчүүд хэд хэдэн удаа тохиолдсонд би үнэхээр өөрийгөө азтай гэж бодож байна. Өнөөдөр их гунигтай ч, мартаж болохгүй өдөр” гэж тэрээр ярьжээ.

II Елизабета есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн. Тэрээр Британийн түүхэн дэх хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд сууж хаанчлалын дээд амжилтын эзэн болжээ. Их Британид 10 хоногийн үндэсний гашуудал зарлаад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn