Б.НЯМСҮРЭН
Казахстаны нийслэл Нур-Султан хотноо хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VII Их хурал өчигдөр өндөрлөж, хүн төрөлхтний оюун санааны болон нийгмийн сайн сайхны төлөө энх тайванд уриалсан Тунхаг бичиг гаргалаа.
Цар тахлын дараах амаргүй нөхцөл байдал, олон улсын зөрчил мөргөлдөөн, шашин хоорондын хямрал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа сорилуудыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэн эв найрамдалд уриалснаараа энэхүү Тунхаг бичиг нь шашны гэхээс илүү улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой баримт бичиг болж байна.
35 зүйл бүхий Тунхаг бичигт “...Дэлхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд оюун санааны болон улс төрийн тэргүүнүүд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг ухамсарлаж, нийгэм, угсаатны соёл, шашны ялгаатай байдлаас үүдэлтэй үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, мөргөлдөөнийг үл тэвчих, өдөөн хатгах явдлыг таслан зогсоох, хэт даврагч үзэл, радикализм, терроризмыг эрс буруутган дэлхийд улс хоорондын болон олон улсын хурцадмал байдлын төвүүдийг бий болгож байгааг буруутгаж байна” хэмээжээ.
Дээрх тунхагийг удахгүй болох НҮБ-ын 77 дугаар Ерөнхий Ассемблейн хуралд албан ёсоор уламжлах юм байна.
Долоо дахь удаа зохион байгуулагдсан Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн Их хуралд Ромын Хамба, Католик шашны тэргүүн Франциск анх удаа өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон.
Тэрээр Их хурлын төгсгөлд хэлсэн үгээ “Хэтэрхий их дайн, хэзээ ч сайн сайхныг авчрахгүй” хэмээн эхлээд “Дайн мөргөлдөөнөө зогсоохыг хүсч байна. Хүрэлцэн ирсэн миний гол үзэл санаа ч эх дэлхийн энх тайван, эв найрамдлын төлөө юм. Бие биенээ харилцан ойлголцож, хүлээн зөвшөөрч, эв найрамдалтайгаар оршин тогтнох нь зөвхөн шашны төдийгүй бүх улсын эрх баригчдын, улстөрчдийн анхаарал хандуулах чухал үзэл баримтлал юм” гэлээ.
Орос-Украины дайны гал намжаагүй байгаа энэ цаг үед Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Патриарх Кириллийг төлөөлж Москвагийн Патриархын сүмийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Митрополит Антоний оролцсон. Тэрээр “Энэхүү хурлын үндсэн үзэл санаа болсон эв нэгдэл, энх тайванд уриалж байгаатай санал нэгдэж байна. Хурлын төгсгөлд гаргасан Тунхаг бичиг бол бурхны бүтээсэн хүн төрөлхтний төлөө юм гэдгийг ойлгож байгаа” гэлээ.
Бүгд Найрамдах Казакстан Улсын Тусгаар Тогтнолын ордноо хоёр өдөр хуран чуулсан 60 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид орчин үед оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийг бэхжүүлэхэд шашны гүйцэтгэх үүрэг, шашин соёлыг хүндэтгэн харилцан зэрэгцэн орших, энх тайван, эв найрамдлыг бэхжүүлэхэд боловсрол, шашны гэгээрлийн үүрэг, дэлхийн шашин хоорондын яриа хэлэлцээ, энхтайвныг дэмжих, хэт даврагч үзэл, радикализм, терроризмтэй тэмцэхэд шашны удирдагчид, улстөрчдийн оруулсан хувь нэмэр, орчин үеийн нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дэмжихэд шашны нийгэмлэгийн үүрэг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанд оролцож, санал бодлоо солилцлоо.
Дөрвөн салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж тунхаг бичигт тусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)