Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн хамгийн олон жил хаан ширээнд суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа Шотландын Балморал шилтгээнд энэ сарын 08-нд таалал төгслөө. Тэрбээр 70 жилийн турш хаан ширээг залгамжлан суусныхаа дараагаар Шотландын эдлэн газартаа  амьсгал хураалаа. Хатан хаан II Элизабет 1952 онд хаан ширээнд сууснаас хойш нийгэмд өрнөсөн асар олон өөрчлөлтийн гэрч болсон билээ.

Түүний том хүү III Чарльз ээжийгээ залгамжлан Их Британийн дараагийн хаан боллоо.

Тэрбээр “Хатан хаан, эрхэм дээд эзэн, ээж минь таалал төгссөн нь дан ганц би болоод миний гэр бүлийнхний хувьд бус дэлхий нийтийн хувьд сэтгэл шархлам, тун харамсалтай мэдээ байлаа” хэмээн эмгэнэлээ илэрхийлжээ. III Чарльз хааны эхнэр Камилла дараагийн хатан хаан болсон юм.

Харин Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс “Орчин үеийн Их Британи улс үндэс суурь тавих эхлэл нь хаант засаглал байсан юм. Хаан, хатан хаад бидэнд шаардлагатай улс орны тогтвортой байдал, хүч чадлыг өгсөн билээ. Тиймээс шинэ хаан III Чарльз ээжийнхээ урт удаан жилийн турш бидэнд бэлэглэсэн үнэнч байдал, хайр энэрлийг үргэлжлүүлээсэй хэмээн хүсч байна. Ийн бид эх орныхоо гайхамшигтай түүхэнд дахин нэг шинэ эрин үеийг эхлүүллээ” гэж ярьжээ.

15 ерөнхий сайдтай хамт ажиллажээ

Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суухдаа дайны дараах эдийн засгийн хүнд байдлаас үүдэлтэй хэмнэлт, Эзэнт гүрнээс Хамтын нөхөрлөлд шилжих шилжилт, Хүйтэн дайн, Их Британи Европын холбооноос гарч дахин элсэх гэсэн түүхэн чухал үйл явдлын гэрч болсон юм. Үүнээс гадна тэрбээр 1874 онд төрсөн ерөнхий сайд Винстон Черчиллээс эхлээд Черчиллээс 101 жилийн дараа буюу 1975 онд төрсөн Лиз Трасс тэргүүтэй 15 ерөнхий сайдын үеийг дамнан амьдарчээ. Ингэхдээ Хатан хаан II Элизабет иргэдийн уулзалтад долоо хоног бүр ерөнхий сайдтай хамт очдог байлаа.

Хааны ордныг олон нийтэд нээлттэй болгов

Хатан хаан II Элизабет 27 настайдаа хатан хааны титмээ зүүсэн агаад түүний энэ ёслолыг телевизээр 20 сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоолол гаргасан байдаг. Ийн залуугаараа хатан хаан болсон Элизабет хаант засаглалыг шинэчилж, хааны ордныхон олон нийтийн арга хэмжээнд оролцож, олон нийтийн газраар зугаалан бусадтай нээлттэй харилцах шинэ дэгийг бий болгосон юм.

Дайны он жилүүдэд амьдарсан нь

Хатан хаан II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотын Мэйфейр хэмээх газар хунтайж Альберт болон хатагтай Элизабет Боуес-Лион нарын том охин болон мэндэлжээ.Түүний нагац ах VIII Эдвард 1936 оны арванхоёрдугаар сард хаан ширээнээс татгалзсанаар Элизабетийн аав VI Жорж Хаан ширээнд суусан юм. Ингэснээр Элизабетийг 10 настайд гэр бүл нь хаан ширээг залгамжлагч болсон юм. Энэ хугацаанд Их Британи болоод нацист Германы хооронд гурван жил үргэлжилсэн дайн болсон. VI Жорж хаан хүүхдүүдээ Канад руу нүүлгэн шилжүүлэхээс татгалзсан учир Элизабет, дүүний дүү гүнж Маргарет нар дайны цаг үеийг Виндзорын шилтгээндээ өнгөрүүлсэн байдаг.

Хатан хаан гурван хүү, нэг охин төрүүлжээ

 18 нас хүрээд Элизабет таван сарын хугацаанд механик мотор засах болон машин хэрхэн жолоодох анхан шатны суурь мэдлэгийг эзэмшжээ. Дайны үеэр тэрбээр гүн Филипптэй захидлаар харилцан, хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ийн тэд 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминистрийн сүмд гэрлэсэн билээ.

Түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп  өнгөрсөн онд 99 насандаа нас барсан байдаг. Үүний дараа хатан хаан II Элизабет 74 жилийн гэрлэлтийн хугацаанд нөхөр нь түүний сүр хүч, амьдрах шалтгаан нь байсан тухайгаа дурсаж байв. Тэдний анхны хүү Чарльз 1948 онд, гүнж Анна 1950 онд,  ханхүү Эндрю 1960 онд, ханхүү Эдвард 1964 онд мэндэлсэн юм.

Тэд эцэг эхээ найман ач, зээ, 12 гучтай болгосон байна.

Эх сурвалж:BBC