Б.ДОЛЖИНЖАВ
Их Британийн Хатан хаан II Элизабет 96 насандаа пүрэв гарагт таалал төгслөө. Үүнтэй холбогдуулан Их Британи улс 10 хоногийн гашуудал зарлалаа. Букингемийн ордноос Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын 19-ний даваа гарагт Хатан хааны оршуулгын ёслолыг үйлдэхээр болжээ. Ийн Хатан хааныг эцсийн замд нь үдэх хүртэл Их Британид ямар үйл явдал өрнөх талаарх мэдээллийг хүргэж байна.
Ням гараг буюу өнөөдөр
Хатан хааны шарилыг Шотландын Балморал шилтгээнээс зөөвөрлөн Перт, Абердин, Данди хотоор дамжуулан 281 км замыг туулсны дараа Шотландын нийслэл Эдинбургт байрлах “Holyroodhouse”-ийн ордонд аваачна.
Даваа гараг
Энэ сарын 12-ны даваа гарагийн үдээс хойш Хатан хааны авсыг түүнийг өв залгамжилсан хаан III Чарльз болоод хааны гэр бүлийн гишүүд дагалдан Гэгээн Гилсийн сүм рүү жагсаалаар авч явна. Энэ өдөр тус сүмд хааны гэр бүлийн гишүүдийг оролцуулсан ёслол болно.
Мягмар гараг
Хатан хааны авсыг Лондон руу авч нисэхэд Анна гүнж дагалдана. Онгоцны буудлаас авсыг Букингемийн ордон руу авч явна. Энэ үйл явдалд Хаан III Чарльз, түүний эхнэр хатан хаан Камилла нар гэрчээр оролцоно. Шинэ хаан гэргий Камиллагийн хамт Вестминстерийн танхимд эмгэнэлийн захидлуудыг сонсоно.
Лхагва гараг
-Хатан хааны авсыг Букингемийн ордноос Лондонгийн төвөөр дайруулан Вестминстерийн сүмийн танхимд байршуулна. Энэ авс сүмд дөрвөн хоног байх юм. Хатан хаанд биечлэн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн иргэдийг Викториа Тауэр цэцэрлэгт хүрээлэнд аваачна.
Энэ сарын 19-ний даваа гараг
-Авсыг Букингемийн ордноос Вестминстерийн сүм рүү төрийн оршуулгын ёслолыг гүйцэтгэхээр авч явна. Ханхүү Уильям, Харри тэргүүтэй хүүхдүүд гэр бүлийн бусад гишүүний хамт явган явна. Биг Бен хонх жагсаалын туршид нэг минутын зайтай дуугарна. Хайд Паркад үдэлтийн буудлага хийнэ. Вестминстерийн танхимд авсыг аваачсаны дараа тав хоног хамгаалалтад байлгана.
Эх сурвалж:BBC