Б.ДОЛЖИНЖАВ
Сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хүчтэй “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг энэ сарын 6-нд дайрсан. Энэ хүчтэй салхины улмаас үер бууж хамгийн сүүлийн мэдээллээр 10 гаруй хүн нас барсан гэж “BBC” мэдээлэв. Мөн 4600 хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.Тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл “Аймшигтай байгалийн гамшгийн улмаас живж амиа алдсан хүмүүсээс болж миний нойр хүрэхгүй байна” гэж ярьжээ. Тэрбээр гамшгийн эрсдэлтэй бүс рүү лхагва гарагт очиж бодит нөхцөл байдалтай танилцсан байна. Газардах үедээ 143 км/цаг хурдтай байсан “Хиннамнор”-ыг Өмнөд Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн найм дахь хүчтэй хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Зарим бүс нутагт үерийн түвшин 91 см хүрснээр багадаа 160 барилга сүйдэж, 66 мянга орчим байшин цахилгаангүй болсон гэж тус улсын Засгийн газраас мэдээлэв. Хар салхины улмаас Чежү, Улсан, Бусан, Поханг гэсэн бүс нутаг хамгийн их хохирол амсжээ. Тухайлбал, Поханг хотод машинуудаа газар доорх зогсоолоос гаргахыг иргэдэд уриалсан боловч үүний тулд гараашийн хаалга нээсний улмаас үерт автжээ. Үерт автсан талбайгаас усыг соруулж авахад таваас зургаан цаг шаардагдана гэж аврагчид хэлсэн байна. Аврах ажиллагаанд Өмнөд Солонгосын тэнгисийн хүчний 1300 цэрэг дайчлагджээ. Мөн хоёр танк, арав гаруй хийлдэг завь, 59 машин, зургаан том хэмжээтэй насосыг тэнгисийн хүчнээс гаргасан байна. “Хиннамнор” хар салхи Япон тэнгисээр дамжиж, Оросын Алс дорнодын эрэгт хүрэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)