Б.ДОЛЖИНЖАВ

 

Оросын холбооны улсын “Газпром” компани байгалийн хийн хоолой болох "Хойд урсгал-1"-ийг хааснаас үүдсэн эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд Швед улс “Nordic”, “Baltic” гэсэн эрчим хүчний компаниуддаа олон тэрбум ам.долларын хөрвөх чадварын баталгаа өгнө гэж мэдэгдлээ. Эргэн сануулахад  “Газпром” компани Герман руу дамжуулах гол хоолойг зогсоож, байгалийн хийг өгөхгүй гэж мэдэгдсэн.  Үүний дараа германчууд Оросоос байгалийн хийн нийлүүлэлт цаашид улам танагдаж буйд санаа зовнив. "Газпром" компани "Хойд урсгал" дамжуулах хоолойн нийлүүлэлтийг наймдугаар сарын сүүлчээр зогсоож, гурван өдрийн засвар үйлчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч баасан гарагт газрын тосны алдагдлыг илрүүлсэн гэх үндэслэлээр тус  компани төлөвлөгөө ёсоор хийн нийлүүлэлтээ сэргээхгүй гэдгээ мэдэгдлээ. Үүнд  Германы  иргэд төдийгүй шведчүүд бухимдаж байна. Учир нь Швед нь Германаас байгалийн хийн хувьд шууд хамааралтай байдаг юм.

Энэ талаар Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон “Европын эрчим хүчний хомсдолоос үүдэн Швед улс өвөл “дайн” зарлах эрсдэлтэй нүүр тулгараад байна. Үүнээс сэргийлэхийн тулд баталгаатай, нарийвчилсан бодлогыг боловсруулах хэрэгтэй.  Мөнгөн тусламж нь эрчим хүчний компаниудадаа  “амьсгалах” боломжийг олгоно гэдэгт найдаж байна. Оросын зарласан эрчим хүчний “дайн” Европ болон Шведийн айл өрх, аж ахуй нэгжид ноцтой үр дагаврыг авчирна. Учир нь Шведийн өмнөд хэсэг Германы эрчим хүч, байгалийн хийн үнэ өртөгөөс шууд хамааралтай байдаг. Энэ нь манай улсын санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учрууллаа. Тиймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол түүхэн дэх хамгийн хүнд хэцүү эдийн засгийн хямралд ороход ойрхон байна” гэж  “Aljazeera” сайтад ярьжээ.

Орос улс "Хойд урсгал-1"” байгалийн хийн хоолойг хаасантай холбоотойгоор эрчим хүчний компаниуд даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн үнэ нэмнэ хэмээн ажиглагчид үзэж байна.

Шведийн Сангийн сайд Михайль Дамберг “Засгийн газраас гаргаж байгаа эрчим хүчний компаниудаа дэмжих бодлого дан ганц Шведэд санхүүгийн тогтвортой байдал бий болгох бус Нордикийн бүс нутгийн эдийн засгийг тогтворжуулна. Бид эрчим хүчний үнийг дээд хэмжээнд хүргэж иргэдийг хохироохгүйн тулд 8.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна” гэв. Гэхдээ Швед улсын инфляцийн түвшин сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, Төв банк бодлогын хүүгээ энэ жил хоёр дахин нэмээд байгаа билээ.Тус улсын хамгийн том хэмжээний сонгууль энэ сарын 11-нд болно. Сонгуулийн кампанит ажлын үеэр цахилгааны төлбөрийн огцом өсөлт, бодлогын хүүгийн нэмэгдэлээс үүдэлтэй эдийн засгийн өсөлт зогссон зэрэг тулгамдсан асуудлууд сөхөгдөх төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)