Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип хөтөлбөрийн хүрээнд редакцийн бодлогоо өөрчилж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллахаар зорьж байгаа билээ. Энэ хүрээнд Энэтхэгийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч Дроупади Мурмуг онцоллоо.
Эрх баригч Бхаратия Жаната намаас (BJP) нэр дэвшигч тэрбээр долдугаар сарын 21-ний сонгуульд ялалт байгуулж, 64 насандаа ерөнхийлөгч болсон билээ. Ийн түүний тухай таван баримтыг хүргэж байна. Тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч нь 2007-2012 оны хооронд ажилласан Пратибха Патил байсан юм.
1.Багшаас улс төрийн салбарт дэвшжээ
Энэтхэгийн Зэвсэгт хүчний дээд командлагч болсон Дроупади Мурму бага байхаасаа шинийг санаачлагч, манлайлагч байжээ. Тэрбээр өөрийн төрсөн тосгоныхоо эмэгтэйчүүдийн коллеж одоогийн “Ramadevi” эмэгтэйчүүдийн их сургуульд элссэн анхны эмэгтэй оюутан юм. Харин улс төрч болох замналаа Шри Ауробиндогийн нэгдсэн боловсролын төвийн багш байхдаа эхлүүлжээ. Тодруулбал, анх тэр Райрангпур хотын сонгуульд 1997 онд ялалт байгуулж, зөвлөлийн даргаар ажиллаж эхэлжээ. Үүнийхээ дараа 2000, 2004 онд Одиша мужийн Ассамблейд хоёр удаа сонгогдсон.
2.Сайдаар ажиллаж байхдаа дүүрэг бүрт Тээврийн алба байгуулав
Ийн 2000-2004 оны дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Навин Патнайкын эвслийн Засгийн газарт сайдаар ажиллав. Мужийн Засаг захиргаандаа Худалдаа, тээврээс гадна Загас, мал аж ахуйн сайдын албыг хашиж байв. Тэрбээр Одиша мужийн Тээврийн сайдаар ажиллаж байхдаа мужийнхаа 58 дүүрэгт тээврийн алба байгуулан маш үр дүнтэй, идэвхитэй ажиллаж байжээ.
3.Гэр бүлийн гурван гишүүнээ алджээ
Улс төрийн амжилттай кареерын хажуугаар түүний амьдралд олон бэрхшээл тохиолдож, зовлон шаналлыг ихээр амсжээ. Тухайлбал, 2009 онд том хүүгээ, 2013 онд бага хүүгээ, дараа жил нь буюу 2014 онд нөхрөө алджээ. Ийн хэдхэн жилийн хугацаанд хоёр хүү, ханиа алдсан нь түүний амьдралын хамгийн хэцүү цаг мөч байжээ.
4.Жарханд мужийн анхны эмэгтэй захирагч
Дроупади Мурму Жарханд мужийн анхны эмэгтэй захирагчаар 2015 онд сонгогдсон. Үүнээсээ нэг жилийн дараа Түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан эзэмшиж буй газраа бусдад шилжүүлэх нөхцөлийг хялбар болгон өөрчилсөн юм. Гэвч энэ өөрчлөлт нь газар эзэмших эрхийг хязгаарлана гэсэн томоохон хэмжээний жагсаалын дараа 2017 онд хуулийн төслийг буцаасан байдаг.
5.Анхны овгийн удирдагч
Мурму бол Энэтхэгт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хэрхэн амжилттай, бусдыгаа манлайлан ажиллаж болдгийн тод жишээ, олон хүний үлгэр дуурайлал болсон эмэгтэй юм. Тэрбээр Жарханд мужийн захирагч байхдаа Санхүүгийн хүртээмжийн асуудлаарх олон улсын хуралд оролцох үеэрээ банкуудын үйлчилгээг өргөжүүлэх талаар ажиллаж байгаа ч нөхцөл байдал сайжрахгүй байгаа асуудлыг хөндөж байв. Мөн тэрбээр анхны овгийн удирдагч, үндэсний цөөнхийн төлөөлөл юм.
Эх сурвалж:Indianexpress