Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос COVID-19 халдвар тус улсын хосуудын гэрлэлт, төрөлтийг бууруулсан хэмээн мэдэгдэв. Энэ нь цар тахлын үеэр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх зардал болоод боловсролын өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Үүнээс гадна эдийн засаг, нийгмийн хурдацтай өөрчлөлт, үсрэнгүй хөгжил дэвшил нь эмэгтэйчүүд гэрлэлт болоод хүүхэдтэй болох хугацаагаа хойшлуулахад нөлөөлсөн хэмээн тус хорооноос дүгнэжээ. Тодруулбал, орчин үеийн суурин газрын залуус ихэнх цагаа боловсролоо нэмэгдүүлэх болон ачаалал ихтэй ажлын байрандаа зарцуулж байгааг судалгааны дүн харуулсан байна.

Мөн Хятадын "zero-COVID" бодлогын улмаас тогтоосон хатуу хөл хорио, чанга хязгаарлалт нь хосуудын хүүхэдтэй болох хүслийг үгүй хийсэн хэмээн үзжээ. Энэ талаар Үндэсний эрүүл мэндийн хороо “Цар тахал зарим хүмүүсийн гэрлэлт, хүүхэд төрүүлэх төлөвлөгөөнд нөлөөлсөн нь тодорхой байна. Тухайлбал, өнгөрсөн жил Хятадад 10.6 сая хүүхэд мэндэлсэн нь 2020 оныхоос 11 хувиар бага байна” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Хятадад төрөлтийн түвшин 2021 онд 1.16 байсан нь дэлхийд бага үзүүлэлт юм. Хүн амын тоо тогтвортой байхын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой билээ. Тус улс 1980-2015 онд “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлснээр хүн амд эзлэх залуу үеийн тоо эрс буурах асуудалтай тулгарч байв. Тиймээс Хятадын Засгийн газар татварын хөнгөлөлт, жирэмсний амралтын хугацааг сунгах, эрүүл мэндийн даатгал, орон сууцны хөнгөлөлт, гурав дахь хүүхдэд нэмэлт мөнгө олгох гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)