Б.ДАРЬСҮРЭН

Өмнөд Солонгосын мөнгөн тэмдэгт воны ханш ам.долларын эсрэг огцом суларч, 2009 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрчээ. Өнөөдөр /2022.08.22/-ийн байдлаар нэг ам.долларыг 1337 воноор арилжаалж эхэлсэн бол ханш 1338.5 вон хүртэл унасан байна. Воны ханш 2009 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш анх удаа ам.долларын эсрэг суларч, 1330-аас дээш гарсан нь энэ аж.

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцыг дарахын тулд мөнгөний хатуу чанга бодлогоо үргэлжлүүлэх хандлагатай байгааг өнгөрсөн долоо хоногийн тайлан харуулсантай холбоотойгоор воны ханш суларсан юм. Воны ханш энэ он гарсаар ам.долларын эсрэг 11 гаруй хувиар унаад байна. АНУ-ын Төвбанк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмэгдүүлсэн юм. 

Өмнөд Солонгос энэ сарын эхний 20 хоногт худалдааны алдагдал 10.2 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлсэн. Хэрэв воны ханш сул хэвээр байвал эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан худалдааны алдагдал таван сар дараалан нэмэгдэх төлөвтэй байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn