З.БАТЦЭЦЭГ

 

Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг хэлэхдээ, Туркийн талаас шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа террорист үйл ажиллагаанд оролцсон нэг ч хүнийг Швед, Финлянд улсууд Анкарад шилжүүлээгүй гэв. “Одоогоор Швед, Финлянд улс террорист үйл ажиллагаанд оролцсон нэг ч хүнийг Туркт шилжүүлээгүй. Бид хүсэлтээ өгсөн. Одоогоор эерэг, сөрөг хариу алга” гэж “NTV” суваг сайдын хэлснийг иш татжээ. Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Швед, Финлянд улстай байгуулсан санамж бичиг нь эцсийнх биш бөгөөд эдгээр хоёр улс террористуудтай тэмцэх үүргээ биелүүлэхгүй бол Туркийн парламент батлахгүй байж магадгүй гэж Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм. Зургадугаар сарын 28-нд Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Турк, Швед, Финляндын Гадаад хэргийн сайд нар хоёр орныг эвсэлд ороход тулгарч байсан саад бэрхшээлийг арилгах санамж бичигт гарын үсэг зурсан. Туркийн эрх баригчид 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэмээн буруутгаж байгаа Курдын ажилчны нам, түүний салбарууд, түүнчлэн ФЕТО байгууллагатай терроризмтой тэмцэх чиглэлээр Анкаратай хамтран ажиллахаар уг баримт бичигт тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)