Б.ДОЛЖИНЖАВ
Хятадын төрийн тэргүүлэх албан тушаалтан болох мэдээллийн технологи, аж үйлдвэрийн сайд /MIIT/ Сяо Ячиныг хууль, сахилга батыг зөрчсөн хэргээр шалгаж байна гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг пүрэв гарагт мэдээлэв. Яг ямар хэргээр шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал энэ оны сүүлээр болно. Тус хуралд оролцох албан тушаалтнуудын нэрсийг энэ сарын 19-нд зарласан. Эдгээр нэрийн жагсаалтад Сяо Ячины нэр байгаагүй нь дээрх мэдээллийг баталж байна хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 6-нд болсон Бразил, Орос, Энэтхэг тэргүүтэй орны мэдээллийн технологийн сайдууд оролцсон цахим хурлыг даргалж олны өмнө ил гарсан билээ.
Өдгөө 62 настай Сяо Ячин Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо, Зах зээлийн зохицуулалтын төрийн хороог тэргүүлж байсан туршлагатай улс төрчдийн нэг. Харин түүний одоо удирдаж байгаа мэдээллийн технологи, аж үйлдвэрийн яам 5G сүлжээ, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, вакцины нийлүүлэлт гэсэн Хятадын эдийн засгийн тулгуур баганыг хянадаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)