Б.ДАРЬСҮРЭН
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос өчигдөр мэдэгдсэнээр тус улс лхагва гарагаас эхлэн дотоод дахь шатахууны бөөний үнийг бууруулахаар болжээ.
Улмаар өнөөдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамдаа 300 юаниар, дизель түлшний үнэ тонн тутамдаа 290 юаниар буурах аж. Энэ нь он гарсаар Хятад улс шатахууны үнийг буулгаж байгаа дөрөв дэх удаагийн арга хэмжээ юм байна. Одоогийн байдлаар Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын баримталж байгаа бодлогын хүрээнд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ тонн тутамдаа 50 болон түүнээс их юаниар буурч, бууралттай үнээ ажлын 10 өдөр баривал дотоод дахь шатахууны бөөний үнийг бууруулдаг юм. Түүнчлэн тус комиссын дэргэдэх Үнийн хяналтын төвөөс ойрын хугацаанд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан үзүүлэлттэй байна гэжээ.
Эх сурвалж: Xinhua агентлаг