Б.ДОЛЖИНЖАВ

 

Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 24-нд болж, Эммануэль Макрон дахин сонгогдсон. Тэгвэл тус улсын иргэд Үндэсний ассамблейн хууль тогтоогчдодоо зургадугаар сарын 12, 19-нд саналаа өгнө. Үүнтэй холбогдуулан доод танхимын 577 суудлын төлөөх өрсөлдөөн хэрхэн өрнөдөгийг “France 24” сайт ийн тайлбарлажээ.

Дүүргээс доод танхимд сонгогдсон 577 хууль тогтоогч буюу депутат нь таван жилийн хугацаанд эрх барина. Энэ хугацаандаа тэд хууль боловсруулж, хуулийн төсөлд саналаа оруулах эрхтэй. Хамгийн сүүлд эрх барьсан буюу 2017-2022 онд ажилласан доод танхимын депутатууд 354 хуулийн төслийг баталжээ. Хууль баталдагаараа манай улсын УИХ-ын гишүүдтэй ижил боловч тэд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ долоо хоногийн мягмар, лхагва гарагуудад улсын хэмжээнд болон өөрийн сонгогдсон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа сайдуудад бичгээр болон амаар дамжуулах эрхтэй. Мөн тодорхой асуудлаар парламентын асуулгын хороог хуралдахыг шаардах эрх депутатуудад бий.  Нэг депутат 125 мянган иргэнийг төлөөлөх бөгөөд үүнийгээ тойрог хэмээн нэрлэнэ. Одоогоор Франц 566 тойрогт  хуваагдсан байна.Одоогийн ерөнхийлөгч Макрон 2017 онд анх нэр дэвшихдээ депутатуудын гуравны нэгийг хасаж, тоог нь бууруулахаа сурталчилгааныхаа үеэр амлаж байв. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаанд энэ амлалт нь биелээгүй. Хоёр дахь удаа сонгогдохдоо тэр энэ асуудлаар дахин ам нээгээгүй юм. Дүүрэг бүрт санал асуулга долоо хоногийн зайтайгаар хоёр үе шаттай үргэлжилнэ. Хэрэв нэр дэвшигч нийт сонгогчдын 50 хувиас илүү их, бүртгэгдсэн сонгогчдын 25 хувийн санал авбал хоёрдугаар шатны санал асуулгагүйгээр Үндэсний ассамблейн хууль тогтоогчоор сонгогдоно. Гэхдээ ийм тохиолдол маш ховор. Тухайлбал, 2017 оны сонгуулийн үеэр 577 депутатын ердөө дөрөв нь л эхний тойрогтоо ялсан байна. Үүнээс гадна эхний шатандаа сонгогчдын хамгийн багадаа 12.5 хувийн саналыг авсан нэр дэвшигч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй. Мөн 18-аас дээш насны Франц улсын бүх иргэн нэр дэвшиж болно. Гэхдээ хууль шүүхийнхэн, төрийн зарим өндөр албан хаагч дүүрэгтээ нэр дэвшихийг хориглодог. Тухайлбал, 2017 оноос эхлэн хууль тогтоогчид ерөнхийлөгч, захирагч, дэд ерөнхийлөгч гэсэн давхар алба хашихыг хориглож эхэлсэн юм. Тэд сонгуульд нэр дэвшиж болох ч ялсныхаа дараа аль нэг албан тушаалаа хаших эрхтэй. Хууль тогтоогч нэр дэвшиж байгаа дүүргийнхээ оршин суугч байх шаардлагагүй.

Намууд нэр дэвшигчдээ тавудгаар сарын 16-наас 20-ны 18:00 цагийн хооронд сонгоно. Үүний дараа сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 30-нд эхэлнэ.  Хоёрдугаар шатны санал хураалтаас гурав хоногийн дараагаас депутатууд үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авна. Тэд танхимын ерөнхийлөгчөө нууц санал хураалтаар зургадугаар сарын 28-нд  сонгоно.

Бас нэгэн сонирхолтой баримт нь доод танхимын хууль тогтоогчид аль улс төрийн бүлэгт элсэхээ өөрөө сонгож болно. Нэг улс төрийн бүлэг багадаа 15 гишүүнтэй байдаг. Тэд парламентын танхим, хурлын өрөөнд чөлөөтэй нэвтрэх эрхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)