З.БАТЦЭЦЭГ

Олон улсын Каннын кино наадам Францын Ривьер дээр 75 дахь удаагаа нээлтээ хийлээ. Жүжигчид, найруулагч, продюсер, сценарист, түүнчлэн дэлхийн кино урлагийн дебютчид Мягмар гарагийн орой Круазетт дахь наадмын ордны шатаар өгслөө.

Нээлтийн ажиллагааг Францын жүжигчин Виржини Эфира хөтөллөө. Энэ нь түүний дебют юм. Тэмцээний шүүгчдийн даргаар жүжигчин Винсент Линдон сонгогджээ. Тэрбээр 2009 онд шүүгчдийн бүрэлдэхүүнийг жүжигчин Изабель Юппер тэргүүлж байснаас хойших анхны франц хүн болж байна.

Нээлтийн кино нь Мишель Хазанависиусын "Эцсийн засвар" (Төрийн эргэлт) байв. 2017 онд гарсан Японы киноны франц хэл дээрх шинэчилсэн найруулгад Ромен Дурис, Беренис Бежо нар тогложээ.

Наадамд оролцож буй кинонууд

Наадмыг зохион байгуулагчид 2000  гаруй кино үзсэний үр дүнд 47 киног хөтөлбөртөө оролцуулахаар сонгосон байна. Үндсэн уралдаанд 18 кино шигшиж авсанд Оросын найруулагч Кирилл Серебренниковын "Чайковскийн эхнэр" багтжээ. Түүнчлэн, урьдчилсан мэдээллээр К.Серебренников Канн хотод одоог хүртэл хэрэгжиж байгаа төслийн талаар ярих гэж байгаа бөгөөд энэ бол Оросын зохиолч Эдуард Лимоновт зориулсан "Лимонов, Эддигийн баллад" кино юм. К.Серебренников өмнө нь тус наадамд гурван удаа кинонуудаараа оролцож, янз бүрийн номинацид шагнал хүртэж байсан ч өнөөг хүртэл найруулагч нь "Алтан далдуу модны мөчир" тэмцээний гол шагналыг авч чадаагүй байгаа юм.

Энэ жил Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Каннын кино наадмыг зохион байгуулагчид ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан.

"Алтан далдуу модны мөчир"

Наадмын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчид Швейцарийн үнэт эдлэлчдэд шинэчлэгдсэн Palme d'Or-ийн шинэ бөгөөд цорын ганц хуулбарыг захиалжээ. Chopard үнэт эдлэлийн ордон тэмцээний цомыг сарнайн кварцаар бүтээж, мөчрөө алмааз эрдэнээр чимэглэв. Тавдугаар сарын 28-нд болох наадмын сүүлийн өдөр ялагчийн нэрийг сийлбэрлэх юм. Тэр болтол  шүүгчдийн саналыг хамгийн хатуу чанд нууцлалтайгаар хадгална.

Наадмын постерт жүжигчин Жим Керри шатаар өгсөж буйг харуулсан байна. Уран бүтээлчид Питер Вейрийн "Трумэний шоу" (1998) киноны бичлэгийг гардуулав. Керригийн авирч буй шат нь тэнгэр рүү чиглэсэн бөгөөд 75-ын тоо нь кино дэлгэцийн ойг бэлэгдэж байгаа юм.

Кино шүүмжлэгчдийн анхаарлын төвд

Канадын кино найруулагч, сценарист Дэвид Кроненбергийн "Ирээдүйн гэмт хэрэг" кино нь тэргүүлэх хэвлэлүүдийн тоймчдын сонирхлыг татаад байна. Энэхүү уран зөгнөлт кино нь түүний 1970 онд бүтээсэн киноны шинэчилсэн хувилбар байв. Найруулагчийн шинэ кинонд Кристен Стюарт, Леа Сейду, Вигго Мортенсен нар тогложээ.

Мөн гол уралдаанд Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүүкийн “Явах шийдвэр" кино орсон байна. 2004 онд тэр "Хөгшин хүү" киногоороо Каннын кино наадмын Гран При шагналыг хүртсэн. Бельгийн найруулагч, ах дүү Жан-Пьер, Люк Дарденн нар мөн Palme d'Or шагналд өрсөлдөнө. Тэд "Тори ба Локита" хэмээх шинэ кино бүтээлээ Бельгид азаа сорихоор очсон Африкийн хоёр залуугийн хувь заяанд зориулжээ.

Үүнээс гадна Итали-Францын жүжигчин, найруулагч Валерия Бруни-Тедески тус наадмын дээд шагналд өрсөлдөх хүмүүсийн жагсаалтад багтжээ. Түүний "Amandier" (Les Amandiers) кино нь Парисын захын Нантерре дахь театр болон залуу жүжигчдийн сургуулийн тухай өгүүлдэг. Шведийн найруулагч Тарик Салех "Тэнгэрээс ирсэн хүү" киногоор уралдаанд оролцож байгаа. Түүний нутаг нэгт Рубен Эстлунд Каннын шүүгчдэд "Гунигийн гурвалжин"-аа толилуулна.

Дэлхийн нээлтүүд

Киноны тоймоор Жозеф Косинскигийн "Топ ган: Маверик" тулаант кино, Баз Лурманы "Элвис" (Элвис) намтар киноны анхны үзүүлбэрүүд болох юм. Энэ хоёр киног Каннын наадмын шалгаруулалтаас гадуур үзүүлнэ. "Топ ган: Маверик" киноны гол дүрд тоглосон Том Круз Каннд ирж киногоо толилуулахыг зохион байгуулагчид үгүйсгэхгүй байна. Энэхүү кино нь 1986 онд Тони Скоттын найруулсан "Топ ган" тулаант киноны үргэлжлэл юм. Францын кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар 1980-аад оны шүтээн кино гэж хүлээн зөвшөөрөгдсөн энэ кино нь Т.Крузыг дэлхийн кино од болгосон юм. Найруулагчийн бодлоор шинэ киноны үйл явдал 36 жилийн дараа өрнөнө.

Рок-н-роллын хаан Элвис Преслигийн тухай өгүүлэх “Элвис” намтар киноны үзүүлбэр тун ч их сонирхол татаж байна. Киноны гол дүрд Америкийн 30 настай жүжигчин, дуучин Остин Батлер тоглосон. Том Хэнкс хөгжимчин хурандаа Том Паркерын дүрд тоглосон. Дуучин Присцилла Преслигийн дүрд Австралийн жүжигчин Оливиа Дежонг тогложээ.

Энэ хоёр кино хоёулаа энэ зун хамгийн их ашиг орлого олж, тахал өвчинтэй холбоотой бараг хоёр жил үргэлжилсэн асуудлын дараа кино урлаг том дэлгэцэн дээр эргэн ирэх болно гэсэн найдварыг төрүүлж байна.

Тусгай үзүүлбэрүүд

Каннын тусгай чуулган дээр Украины найруулагч Сергей Лозницагийн шинэ бүтээл "Мөхлийн байгалийн түүх" (The Natural History of Destruction)-ийг үзэгчдийн хүртээл болгоно. Мөн энэ хөтөлбөрт Америкийн сценарист Итан Коэнын дуучин, төгөлдөр хуурч Жерри Ли Льюист зориулсан киног оруулжээ.

Каннын 75 дахь удаагийн кино наадам уламжлал ёсоор "Lumière" ордны гол танхимд болох ёслолын ажиллагаагаар өндөрлөнө. Энэ удаагийн наадам нь түүний ерөнхийлөгч, олон жилийн турш эдгээр үүргийг гүйцэтгэсэн Францын сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Пьер Лескюрийн хувьд сүүлчийнх байх болно. Германы продюсер Айрис Кноблоч ирэх жил энэ албан тушаалыг гурван жилийн хугацаанд авахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn