Орчуулсан З.БАТЦЭЦЭГ
Манай гарагийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүнд дасан зохицож амжихгүй байна. Температурын өсөлт нь хэдэн зуун мянган жилийн хамгийн өндөр өсөлттэй байгаа. Далайн түвшин нэмэгдэж, мөс хайлж байгаа нь байгалийн гамшгийн тоо нэмэгдэх, дэлхийн өлсгөлөн, олон зуун төрлийн амьтан, ургамлын үхэл зэрэг гамшгийн үр дагаварт хүргэж байна. Амазон голын хөндийд тархсан манай гарагийн хамгийн том ойн бүсүүдийн нэг удахгүй хүнд байдалд орж магадгүй болжээ. Өмнөд Америкийн энэхүү том ой удахгүй CO2-ыг шингээх чадваргүй болох нь.
Харамсалтай амжилт
Дэлхийн дулаарлын хурд сүүлийн 200 мянган жилийн дээд амжилт тогтоосон гэж НҮБ дүгнэжээ. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын хэлснээр, гол шалтгаан нь технологийн дэвшил. “Бид гаригийн нөөцийг ашиглаж эхэлсэн- газрын тос, хий, энэ нь агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр нь агаар мандлын доод давхаргын температурыг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Нүүрс, газрын тос, байгалийн хийг эрчимтэй шатаахгүйгээр үүнийг хийх боломжгүй гэсэн шинжлэх ухааны маш тодорхой нотолгоо бий" гэж тэр онцлон тэмдэглэв.
Дэлхий дээрх дулаарлыг батлах энгийн үзүүлэлт бол далайн температур бөгөөд 2021 онд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр температур болсон юм. Колорадо дахь Агаар мандлын судалгааны үндэсний төвийн цаг уур судлаач Кевин Тренберт “Дэлхий даяар далай улам дулаарч байгаа нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн гол үзүүлэлт юм гэжээ. "Advances in Atmospheric Sciences" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд далай дахь агаарын температур нэмэгдэж байгаа нь шуурга ихэсгэж, үерийн эрсдлийг мөн нэмэгдүүлж байгааг онцолжээ. Температурын өсөлтөөс болж Антарктид, Гренландын мөс илүү их хайлж байна. Тэд хамтдаа жилд ойролцоогоор 1 их наяд тонн мөс хаяж байгаа бөгөөд үүнээс болж далайн түвшин нэмэгдэж, бүхэл бүтэн улс орнууд алга болох аюул учруулж магадгүй болоод байна. Номхон далай дахь гурван нам дор орших архипелагаас бүрдсэн Кирибати муж онцгой аюултай байдалд байна. Түүнээс гадна хүн төрөлхтөн өөрчлөлтөд дасан зохицож амжихгүй гэж тэд мэдэгдэв. Уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамжид нөлөөлсөн. Гал түймэр, хар салхи, үер гээд. Байгалийн гамшиг нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцэд илт сөрөг нөлөө үзүүлэхээс гадна ийм нөхцөлд амьдрахад дасан зохицоогүй тул орон нутгийн экосистемд аюултай.
Цаг агаарын өөрчлөлт нь дэлхийн бүх хүнд нөлөөлнө. Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн далай, хуурай газар, цэнгэг усны экосистемд үзүүлэх нөлөө нь урьд өмнө таамаглаж байснаас ч илүү болж таарав. Уур амьсгалын өөрчлөлт нь зарим төрлийн ургамал, амьтдыг орон нутагт устахад хүргэсэн. Ялангуяа хүйтэн туйл, өндөр уулсаас эхлээд халуун экваторын газар хүртэл эрс тэс температуртай бүс нутгийн оршин суугчид илүү өртөж байна. Туйлын нөхцөлд дасан зохицсон амьтдын амьдрах орчин эрс багасч, дулаан бүс нутгаас ирсэн амьтад тэдний байр суурийг эзэлжээ. Нөлөөлөлд өртсөн амьтдын тоонд Хойд туйлын цагаан баавгай, Антарктидын эзэн оцон шувууд багтаж байна.
Антропоген уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 23 зүйлийн амьтдыг аль хэдийн устаж үгүй болсон гэж хүлээн зөвшөөрсөн ч үүнээс ч их байх магадлалтай. 1,6 градусаар дулаарвал бүх зүйлийн 10 гаруй хувь нь устах эрсдэлтэй, 2,1 градусаар дулаарвал 20 хувь нь устах аюулд хэдийнэ тулна. Агаарын температур гурван градусаар нэмэгдвэл Энэтхэг, Номхон далай дахь далайн амьтдын 80 хувь нь мөхлийн ирмэгт тулж, дөрвөн градус хүртэл нэмэгдсэний дараа тал нь устах аюулд орно.
Дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг нь ой модыг устгаж байгаа явдал юм. Тариалангийн талбайн тэлэлт болон хүний бусад үйл ажиллагааны үр дүнд жил бүр 10 сая га ой мод, таримал ургамлууд дэлхийн гадаргаас алга болж байна гэж НҮБ тооцоолжээ. Жил бүр нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх чадвартай олон сая ургамал устдаг. Үүний үр дүнд CO2 нь агаар мандалд орж, хүлэмжийн үр нөлөөг нэмэгдүүлдэг.
Дэлхий дээрх хүчилтөрөгчийн нөөцийн хамгийн чухал бүс нутгуудын нэг нь өнөөг хүртэл манай гарагийн уушги гэж тооцогддог. Амазоны ой эргэж сэргэх боломжгүй цэгт ойртжээ. Амазоны сав газарт 390 тэрбум мод байдаг бөгөөд тэдгээр нь дэлхийн агаар мандлаас нүүрсхүчлийн хийн 25 хүртэлх хувийг шингээдэг. Эрдэмтэд аюулын харанга дэлдэж, хүн төрөлхтөн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн бохирдлыг шингээхийн тулд дэлхийн хамгийн том ойд найдах боломжгүй болсон гэдгийг анхаарууллаа. Бразилд 2022 оны нэгдүгээр сард Амазон дахь тайрсан модны тоо 2021 оны мөн сарынхаас тав дахин их байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бразилийн Амазон дахь ойн талбай 13.2 мянган хавтгай дөрвөлжин метрээр багассан нь 2006 оноос хойших дээд амжилт юм.
Дэлхийн хамгийн том ширэнгэн ой ган гачиг, түймэр, ойн хомсдол зэргээс болж нөхөн сэргэх чадвараа алдаж байна. Амазоны сав газар нь өвөрмөц биологийн төрөл зүйлээрээ алдартай. Тэнд 16.000 зүйлийн мод ургадаг, 1300 зүйлийн шувууд амьдардаг, мөн олон зуун төрлийн хөхтөн амьтан, хоёр нутагтан амьтад амьдардаг. 200 тэрбум тонн нүүрстөрөгч нь Амазоны ширэнгэн ойд хадгалагддаг.
Экологичид Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонарогийн засгийн газрыг бүх зүйлд буруутгаж байна. 2018 оноос хойш тэрээр Амазоны ойг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийг багасгаж, бүс нутагт бизнесийн хөгжлийг дэмжсэн юм. Хэдийгээр ой модыг устгах нь асуудал биш гэж Засгийн газраас баталгаажуулсан ч газар нутгийн тавны нэг орчим нь үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад аль хэдийн алга болжээ. Тэд ой модыг хамгаалахын тулд арми хүртэл илгээсэн ч ойн хомсдол буурахгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тооцоолсноор 2030 он гэхэд Амазоны 27 хувь нь модгүй болно.
Ойн 75 хувь нь аюулд орчихоод байна. Томоохон газар нутаг нь сийрэг ой бүхий саванна болж хувирах бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх чадвар нь халуун орны ойгоос хамаагүй бага юм. Амазоны ширэнгэн ойн хуурайшилтад хамгийн тэсвэртэй хэсэг нь хүртэл багасч байна. Түүгээр ч барахгүй алга болсны дараа мод дахин ургахгүй, эсвэл өмнөхөөсөө хамаагүй цөөхөн ургах магадлалтай. Энэ нь ялангуяа Конгогийн сав газрын ой модны хувьд хамаатай юм.
Аймшигтай өөрчлөлт
Хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлд үзүүлэх үр дагавар нь сүйрлийн хэмжээнд байх болно. Эрдэмтэд Амазонкийн одоогийн ойн нэлээд хэсэг нь саванна болж хувирахад хэдхэн арван жил шаардлагатай гэж тооцоолж байна.
Эксетерийн их сургуулийн (Англи) доктор Крис Боултон "Амазон нь маш их нүүрстөрөгчийг хуримтлуулдаг бөгөөд энэ бүхэн агаар мандалд ялгарах бөгөөд энэ нь температурыг улам нэмэгдүүлж, дэлхийн дундаж температурт нөлөөлнө" гэж дүгнэжээ. Амазоны ширэнгэн ой нь 150-200 тонн нүүрстөрөгчийг хуримтлуулж, 12 жилийн хугацаанд эдийн засгийн бүх салбараас агаар мандалд цацагдсан ижил хэмжээний CO2-ыг хуримтлуулжээ. “Хэрэв бид ойгоо алдвал нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд орох болно. Тиймээс ойг хамгаалах нь маш чухал” гэж Бразилийн цаг уур судлаач Карлос Нобре тайлбарлав. Түүгээр ч барахгүй их хэмжээний түймэр, мод тайрсны улмаас модноос ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ агаараас ялгарах хорт утаа шингээх хэмжээнээс хэдийнэ давжээ.
Эрдэмтэд ойн хомсдолыг зогсоох нь сүйрлээс урьдчилан сэргийлж чадна гэсэн дүгнэлтэд хүрчээ. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХХААБ) Ерөнхий захирал Цю Дуню “Ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдлыг арилгахын тулд бид хүнсийг хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэж байгаагаа эргэн харах хэрэгтэй” гэж хэлэв. Дэлхийн улс орнууд уг асуудлыг сайн ойлгож, түүний гамшгийн үр дагаврыг мэдэж байгаа. Глазго хотод болсон COP26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн нийт ойн 85 хувийг эзэлдэг орны 100 гаруй удирдагч 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоо амлав. Гэрээнд 20 тэрбум доллар олгохоор тусгасан бөгөөд хөрөнгийн тодорхой хэсгийг ойн түймэртэй тэмцэх, аль хэдийн нэрвэгдсэн ойн бүсийг сэргээхэд зарцуулах ёстой.
Сүүлийн үеийн геополитикийн үйл явдлуудаас харахад уур амьсгалын асуудлыг олон жилийн турш арагш тавих үлдэх аюул нүүрлээд байгаа ч одоо байгаа асуудал хаашаа ч алга болчихгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь амьдралын бүхий л салбарт зайлшгүй нөлөөлөх тул хүн төрөлхтөн энэ гараг дээр үргэлжлүүлэн амьдрахыг хүсч байгаа бол агаар мандалд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг эрс багасгах нь гол үүрэг байх ёстой. Глазгогийн уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт дээр олон арван орны амласан амлалт юу ч болж байсан биелэх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 76 (6808)