З.БАТЦЭЦЭГ

 

Европ дахь автомашины хамгийн чухал үйл явдлуудын нэг нь COVID-19 тахлын улмаас дөрвөн жилийн завсарлага авсны дараа эргэн ирэх боллоо. Хамгийн сүүлд 2019 оны хавар болсон Женевийн олон улсын автомашины үзэсгэлэн дараагийн удаа 2023 оны хоёрдугаар сард болно. Энэ тухай тус арга хэмжээг зохион байгуулагчид өөрсдийн албан ёсны цахим хуудаснаа мэдээллээ. Сануулахад 2020 оны гуравдугаар сард "COVID-19" тахлын эхний давалгааны улмаас Швейцарийн эрх баригчид тус улсад олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг зохион байгуулахыг хориглосноор албан ёсны нээлтээс хэдхэн хоногийн өмнө Женевт болох авто шоу цуцлагдаж онлайнаар  зохион байгуулсан. Үүний дараагаар 2021 онд Женевийн авто шоу мөн л коронавирусын үр дагавраас үүдэн санхүүгийн хүндрэлээс болж зохион байгуулагдахгүй нь тодорхой болж, дараа нь 2022 онд үзэсгэлэн цуцлагдсан. 1905 оноос хойш зохион байгуулагдаж байсан Европын автомашины гол арга хэмжээний нэгийг бүрмөсөн больсон тухай цуу яриа гарч байв.

Зохион байгуулагчид авто шоу 2023 оны хоёрдугаар сарын 14-өөс 19-ний хооронд болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)