Б.ДОЛЖИНЖАВ
Хятадын “China Eastern Airlines” компанийн "Боинг 737-800" нисэх онгоц гуравдугаар сарын 21-ний орой өмнөд хэсгийн Гуанси Жуан автономит мужийн ууланд унаж осолдсон. Онгоцонд 132 хүн зорчиж явсны ес нь нисэх багийн гишүүд, нисгэгч байсан аж.
Хятадын дарга Ши Жиньпин ослын дараа мэдэгдэл хийж, өргөн хүрээтэй аврах, эрэн хайх ажиллагаа явуулахыг үүрэг болгосон. Мөн тэрбээр ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулахыг холбогдох албаныханд даалгасан юм.
Гэвч онгоцны гэмтэл маш их тул мөрдөн шалгалтын ажиллагаа хүнд байна гэж Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлжээ. Одоогоор мөрдөн шалгах багийнхан онгоцны засвар үйлчилгээ, агаарын хөдөлгөөний удирдлага, цаг уурын нөхцөл байдал, нисэх онгоцны загвар, үйлдвэрлэл зэрэг бүх асуудлыг сайтар нягтлан шалгаж байгаа аж. “China Eastern Airlines” компанийн зүгээс есөн баг гаргаж, нисэх онгоцны сэгийг цуглуулах, ослыг шалгах, зорчигчдын гэр бүлд туслах, хэвлэлд мэдээлэл өгөх ажлыг хийж байна. Үүнээс гадна Гуанси муж болон хөрш Гуандунаас олон зуун мянган аврагч ослын газарт дайчлагдан ажиллаж байна.
Осолдсон 737-800 онгоцыг 2015 оны зургадугаар сард Боинг компани Хятадад хүлээлгэн өгснөөс хойш зургаан жил нисжээ. Хятадын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр ослын дараа тус улсад үйлчилгээнд нисч буй бүх Боинг 797-800 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглосон байна. Тус загвар нь өмнө нь томоохон дуулиан дагуулсан “737 Max” онгоцны өмнөх загвар бөгөөд өнгөрсөн хугацаанд тус загварын 22 нисэх онгоц осолдож, 612 хүн амь үрэгдсэн гэж Нисэхийн аюулгүй байдлын сүлжээнээс мэдээлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)