З.БАТЦЭЦЭГ

 

Энэтхэг улс Гужарат мужидаа дэлхийн уламжлалт анагаах ухааны төвийг байгуулахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгууллаа. Энэ тухай тус улсын Засгийн газраас хэвлэлийнхэнд мэдээлэв. Гэрээнд Ерөнхий сайд Нарендра Моди, ДЭМБ харилцан гарын үсэг зуржээ.“Энэ бол дэлхийн уламжлалт анагаах ухааны анхны бөгөөд цорын ганц төв байх болно" гэж Ерөнхий сайдын ажлын албанаас онцлон тэмдэглэв. Энэ төв нь Энэтхэгийн Аюурвед, Йог, Байгалийн эмчилгээ, Юнани, Сидда, Гомеопатийн яамтай хамтран ажиллах юм байна.

ДЭМБ-ын мэдээлснээр уламжлалт анагаах ухаан нь ургамал, амьтан, эрдэс баялгийн эдгээх шинж чанарыг ашиглахад үндэслэсэн эмчилгээний аргуудаас гадна оюун санааны болон бариа заслын эмчилгээ, янз бүрийн биеийн тамирын дасгалуудыг багтаадаг ажээ. Ирээдүйн төвийн чиг үүрэг нь Энэтхэгийн Засгийн газраас онцлон тэмдэглэснээр "Дэлхий дахинд уламжлалт анагаах ухааныг сурталчлах, түүний эмчилгээний аргуудыг чанартай, аюулгүй, үр дүнтэй ашиглах, хэм хэмжээ, арга зүйг боловсруулах, тэдгээрийн талаархи мэдээлэл цуглуулах" болно гэжээ. Ийм төв байгуулах санаачилга 2020 оны арваннэгдүгээр сард болсон Аюурведын өдрүүдийн үеэр гарсан ба энэ хуралд  ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус оролцсон юм. Энэтхэгийн Ерөнхий сайд тухайн үед уг санааг сайшааж, "Уламжлалт анагаах ухааны дэлхийн төв нь дэлхийн эрүүл мэндийн төв болж, энэ төрлийн анагаах ухааны талаар судалгаа, боловсрол, мэдлэг олгох болно" гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 51 (6783)