Д.ДАРАМБАЗАР

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр сэргээшийн асуудалтай холбогдсон ч Спортын арбитрын шүүх түүнийг Бээжингийн олимпын тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн. Харин Валиева хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа тайлбар өгсөн юм. Тэрбээр энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан гэж хариулсан байна. Энэ тэмцээний төрөлд нийт 25 уран гулгагч оролцсоноос Валиева гуравласан аксель хийхдээ алдсан хэдий ч хамгийн өндөр 82.16 оноо авсан юм. Харин нутаг нэгт Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаарт шалгарав. Хэрэв маргааш чөлөөт үзүүлбэрийн тэмцээнд шагналт байрт шалгарч үлдвэл Олон улсын олимпын хороо шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдээд буй.

Эх сурвалж: www.polit.mn