Б.БЯМБАЖАРГАЛ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу иргэд зорчихдоо тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. “Чингис хаан” нисэх онгоцны буудал нь нийслэлээс 52 км-ын зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт оршдог тул хувийн машингүй иргэд зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс “UBUS” буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” компани нэвтрүүлээд байгаа аж. Энэ үйлчилгээнд жижиг, дунд, том оврын гурван төрлийн автобус 10-20 мянган төгрөгийн үнээр үйлчлэх юм.

Бүх төрлийн үйлчилгээнд 0-7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчно.  “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж, нисэх буудлыг зорих боломжтой. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани “Улаанбаатар”, “Чингис хаан”, “Кемпински”, “Новотел”, “Туушин”, “Рамада”, “Баянгол”, “Шангри-Ла”, “Blue sky”, “Holiday inn”, “Ulaanbaatar hotel” зочид буудалтай хамтран ажиллаж эдгээр буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээг үзүүлэх юм. 

Эх сурвалж: www.polit.mn