Цагаан сарын шинийн нэгэн хэзээ болох вэ гэж урт маргаан мэтгэлцээн болдог жил таарч байна. Өчигдөр /2025 01 21/ Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл хийж, яагаад Төгсбуянтын зурхайг сонгосон талаарх тайлбарыг хийжээ. Уг тайлбарт “Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал, монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байдаг. Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон, монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг” гэжээ. Өөрөөр хэлбэл, Төгсбуянтын зурхайн тооллыг хэрэглэе гэдэг дээр төр засаг бодлого шийдвэрээ гаргасан юм шүү гэдгийг л энд хэлжээ.
Цагаан сарын талаар олон хүн олон янзын үзэл бодол илэрхийлсний нэг нь түүхч, доктор Ё.Отгонбаяр. Тэрээр нийгмийн сүлжээндээ “1911 оны хавар манжийн амбан цагаан сарын баяр хүргэхээр Богдод айлтгал өргөхөд манай цагаан сар дараа сард шүү гээд буцаажээ. Далд санаа нь бид тусдаа тоололтой, тусдаа улс шүү гэсэн үг. Надад энэ л хангалттай санагддаг” гэж түүхч, судлаач хүний хувьд цагаан сартай холбоотой баримтыг дурдаж бичсэн байна. Тиймээ, энэ нь хангалттай санагдаж байна.
Харин уншигч Танд...
Эх сурвалж: zms.mn