З.Батцэцэг

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц аюулгүй байдлын асуудлаар барууны орнууд болон ОХУ-ын харилцаа холбоог “ахицтай алхам” гэж нэрлэв. Тэрээр энэ тухай даваа гарагт CNN-д ярьжээ.

О.Шольц хэлэхдээ, Германы зүгээс "Хэрвээ Орос улс Украин руу довтлох юм бол өндөр үнэ төлөх болно гэсэн дохиог өгч байгаа" гээд "дипломат шугамаар боломжтой бүх хүчин чармайлтаа гаргаж байна" гэжээ. Түүний хэлснээр "Одоогоор хэлэлцээ хийж байгаа бүх төрлийн форматаар" Берлин ажиллахад бэлэн байна гэв. Үүнд стратегийн тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээний хүрээнд ОХУ, АНУ-ын хоорондын харилцаа холбоо, Орос-НАТО-ын зөвлөлийн уулзалтууд багтаж байгааг тэрээр тэмдэглэв.

"Тийм ээ, одоогийн нөхцөл байдалд бид зөвхөн бие биенээ буруутгаж байна. Гэхдээ энэ бол ахицтай алхам" гэж О.Шольц хэлэв. Үүний зэрэгцээ, Герман улс ЕАБХАБ-ын хүрээнд, мөн Нормандын форматаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж Шольц тэмдэглэв.

Их Британи агаарын орон зайг ашиглахаас татгалзсан тухай

Герман улс Их Британид агаарын орон зайгаа Украин руу цэргийн ачаа хүргэхэд ашиглахыг хориглоогүй, Британийн эрх баригчид дангаараа өөр замыг сонгосон гэж О.Шольц хэлэв.

"Тэд яагаад Балтийн тэнгисийн замыг ашигладагийг би мэдэхгүй. Тэд хүссэн үедээ Герман дээгүүр нисэх боломжтой" гэж О.Шольц хэлэв.

АНУ-тай хамтран ажиллах тухай

АНУ нь Европд хүчирхэг, найдвартай Герман гэх түнштэй гэж О.Шольц хэлэв.

“Герман бол Европ дахь АНУ-ын хүчтэй түнш" гэж тэр хэлээд Берлин бүх үйл ажиллагаагаа эвслийн түншүүдтэйгээ хэлэлцдэг тул НАТО-гийн орнуудтай хамтран ажиллахад ч энэ нь хамаатай гэж нэмж хэлэв.

Даваа гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден Вашингтонд О.Шольцтой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр АНУ нь Германыг туйлын найдвартай түнш гэж үзэж байгааг онцлон тэмдэглэв. Хэд хэдэн сэдвээр үзэл бодлын зөрүүтэй байгаа нөхцөлд талуудын харилцан итгэлцлийн талаар мөн Украины хувьд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуултад тэр хариулахдаа "Вашингтоны итгэлийг олж авах шаардлагагүй, АНУ О.Шолцд бүрэн итгэж байна" гэв.

Германы эрх баригчид Украиныг үхлийн зэвсгээр хангахыг эсэргүүцэж байгааг Канцлер Олаф Шольц, Гадаад хэргийн сайд Анналена Бербок нар удаа дараа онцолж байсан. Үүний зэрэгцээ Берлин Европын холбооны түншүүд, ялангуяа Польш, Балтийн орнуудын зүгээс хүчтэй шахалтанд ордог. Тэд Германы Засгийн газраас Москвагийн чиглэлд "тодорхой дохио" өгөхийг шаарддаг. Украины зарим төлөөлөгчид Германыг "найз нөхдөөсөө урвасан" гэж хүртэл буруутгаж байсан.

Эх сурвалж: www.tass.ru