З.БАТЦЭЦЭГ

 

Армений ерөнхий сайд Никол Пашинян гуравдугаар сард Туркт айлчилна. Энэ тухай Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдэв. Түүний үгийг A haber телевизийн суваг иш татан мэдээлсэн байна.

“Н.Пашинян гуравдугаар сард Туркт айлчилж, Анталья хотод болох дипломат форумд оролцоно” гэж Фаут Октай мэдэгдэв. Турк, Армений хооронд 1993 оноос хойш дипломат харилцаа тасарсан. Ялангуяа Анкара Карабахын мөргөлдөөнд Азербайжаны байр суурийг дэмжиж, мөн 1915 онд Османы эзэнт гүрэн дэх армяны геноцидыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үйл явцад Туркийн зүгээс эрс татгалзсан нь хүндрэл учруулж байгаа юм.

Өмнө нь Никол Пашинян Армен, Туркийн харилцааг хэвийн болгох хэтийн төлвийг үнэлж байсан юм. Түүний хэлснээр, Ереван, Анкара хоёрын харилцаа энэ онд хэвийн болох эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй ч талууд урьдчилсан нөхцөл тавихаас татгалзсан нь үйл явцын эргэн тойрон дахь уур амьсгалыг "зөөллөж" байна гэжээ.

Н.Пашинян мөн Турктэй харилцаагаа хэвийн болгохын төлөө биечлэн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэв. Хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлаар Бүгд найрамдах улсын тусгай төлөөлөгчийг “улс төрийн зорилготойгоор” сонгосон гэж тэр тэмдэглэв. 2021 оны арванхоёрдугаар сард Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу Арментай харилцаагаа хэвийн болгохын тулд талууд тусгай төлөөлөгч томилно гэж мэдэгдсэн. Мөн Еревантай чартерийн нислэг нээнэ гэдгийг онцолж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 25, 26 (6757, 6758)