З.Батцэцэг

Владислав Третьяк- Зөвлөлтийн хоккейч, дасгалжуулагч. 2006 оноос ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 1969-1984 онд ЗХУ-ын хоккейн хаалгач байсан. Олимпын 3 удаагийн аварга, 1980 оны өвлийн олимпын мөнгөн медальт, дэлхийн 10 удаагийн аварга, дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт, Европын 9 удаагийн аварга, европын аваргын мөнгө, хүрэл медальт, Канадын цомыг эзэмшигч, олон улсын хоккейн холбооноос түүнийг ХХ зууны шилдэг хоккейчин гэж алдаршуулсан. Олон амжилт, олон шагналын эзэнтэй хийсэн ярилцлагыг www.7dn.ru сайтаас орчуулан хүргэж байна.

-Владислав Александрович, та дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг. Хоккей тоглодог орнууд таныг гар дээрээ өргөж явахад бэлэн байдаг. Канадууд таныг бүр Ерөнхий сайдаа болгох хүсэлтэй байсан. Та оросын анхны Торонто дахь хоккейн алдарын танхимд орсон хоккейчин. Гэтэл тан шиг даруухан хүнийг олоход хэцүү. Алдар нэр хүнд таны толгойг эргүүлээгүй нь ойлгомжтой. Яагаад ийм төгс байдаг юм бэ?

-Зуун хувь төгс хүн гэж байдаггүй байх. Бид бүгдэд дутагдал бий. Надад байгаа бүх сайн тал аав ээжээс. Манай аав цэргийн нисгэгч хүн байсан. Ах бид хоёрыг маш чанга гараар өсгөсөн. Бид 2 гэрээсээ зугтая гэж ярьж байсан. Аав өндөр цалинтай. Гэхдээ бид 2 ааваас зайрмаг авах 10 копеек гуйж чаддаггүй байсан. Ээж мэдээж биднийг эрхлүүлэх гэж хичээдэг ч, түүний дуу хоолой манай гэр бүлд шийдвэрлэх байгаагүй. Зун зусланд хүртэл биднийг чанга барьдаг байсан. Тэнд бид амардаггүй, хөдөлмөрлөх үүрэг хүлээдэг байлаа. Өглөө 7 цагт босно, төмсний хогийн ургамлыг түүнэ, бөөрөлзөгний дор нүх ухна, бензин авчирна. Бүх ажлаа хийж дуустал найзуудтайгаа тоглохгүй, голд сэлэхгүй. Аав ажлаар өөр хот руу явахаар бол 7 хоногийн ажил даалгана. Нэг удаа түүнийг байхгүйд би даваа гаригт бүтэн өдөр гол дээр өнгөрөөгөөд, дараа нь ажлаа нөхөөд хийнэ гэж шийдсэн. Мягмар гариг боллоо, би газар жаахан ухаж байгаад найзуудаа дагаад явчлаа. Дотроо амжина л гэж бодоод байгаа. Тэгсээр байгаад пүрэв гариг боллоо. Төмсний хог түүж амжихааргүй болоод, би бүх хогийг нь булчлаа. Гаднаас нь харахад төгс. Гэтэл аавыг ирдэг өдөр бороо ороод, бүх хогийн ургамал нь гараад ирсэн. Аав миний чихийг арай л тасалчихаагүй. Дараагийн удаа 2 дахин их ажил өгсөн. Аав намайг өөр шигээ цэргийн нисгэгч болгохыг хүсэж байсан юм. Цэргийн алба амаргүй гэдгийг мэдэх болхоороо намайг эртнээс бэлдэж байсан нь тэр. Гэхдээ би хүүхэд насаа үзэн яддаггүй. Аав намайг амьдралд маш сайн бэлдсэн. Хариуцлага, тэвчээр, ямар ч саадыг даван туулах чадвар, биеийн болон сэтгэлийн өвдөлтийг тэвчээд зорилгодоо хүрэх энэ бүгдийг надад сургасанд би аавдаа баярлаж явдаг. Энэ бүгд байгаагүй бол би амжилтад хүрэхгүй.

-Гэхдээ та цэргийн нисгэгч биш, хоккейчин болсон...

-Би 11 настай байхдаа 1963 оноос хоккейгоор хичээллэж эхэлсэн. Аав үүнийг биеийн тамир гэж бодсон. Өөрөө өдөр бүр дасгал хийдэг, эрүүл мэнддээ анхаардаг байсан. Би аавыгаа халамцуу байхыг нь ч хараагүй. Аав, ээж 2 аль аль нь тэшүүр, уран гулгалт, хоккейд дуртай байсан. Өвөл амралтын өдөр бүр бид гадаа гулгадаг байлаа. Харин хоккей миний мэргэжил болно гэж аав огт бодоогүй. Физик, тооны хичээл дээр муу авчихвал “Дахиад муу авбал хоккейноос чинь хөөнө шүү. Угаасаа мод бариад, торны урд зогсож одоо болно. Ийм дүнтэй чи шалгалт өгч, нисгэгч болж чадахгүй” гэдэг байсан. Аавыг уурлуулахгүйн тулд муу авсан дүнгийн хуудсаа урдаг байлаа. Тэр хэчнээн спортод дуртай ч хоккейн шүтэн бишрэгч байгаагүй. Миний амжилтыг их тоодоггүй байсан. Нэг инээдтэй явдлын дараа харин хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн. Аав ажлаа тараад офицеруудтай хамт гэр рүүгээ автобусанд явж байжээ. Тэд саяхан болсон ЦСКА, Спартак нарын тоглолтын тухай ярьж. Нэг нь “ЦСКА-гийн хаалгач чамтай адил овогтой юм билээ” гэжээ. Аав “Тэр чинь миний хүү” гэхэд бүгд солиорохоо дөхсөн гэсэн. Дараа нь би 15 настайдаа хоккейгоор олсон анхны 40 рублиэ гэртээ авчрахад асуулт бүр багассан.

-Домогт дасгалжуулагч Анатолий Тарасов танд их сайн байсан. Та авьяастайгаас гадна хөдөлмөрч, хүмүүжилтэй хоккейчин байсан гэдэг....

-Миний анхны дасгалжуулагч В.Ерфилов надад Тарасов чамайг харахыг хүсэж байна гэж хэлсэн. Түүнтэй уулзахын өмнөх шөнө нь би огт унтаагүй. Зурагтаар харж байсан дэлхийн шилдэг хоккейчидтой би хамт мөсөн дээр гарна гэж бодохоос. Тарасов намайг дээрээс нь доош гүйлгэж харснаа “За хагас боловсруулсан бүтээгдэхүүн минь амьд үлдэж чадвал агуу болно” гэж хэлсэн. Тарасовын бэлтгэл бол үнэхээр аймшигтай. Заримдаа 40 градус халуунд, зүрхний цохилт 200 болцон л бэлтгэл хийж байдаг байлаа. Бидэнд ус өгөхгүй, яагаад гэвэл спортын эмч нар болохгүй гэсэн учраас. Энэ хүнд ачааллыг тэр бүр хүн давахгүй. Гэхдээ би чадсан. Ямар ч тамирчнаас асуусан, хамгийн дэгтэй нь хэн бэ? гэвэл Третьяк гэж л хэлнэ. 21 жил хоккейчин байхдаа би нэг ч удаа дэглэмээ зөрчөөгүй, амьдралдаа нэг ч бэлтгэлд хоцорч үзээгүй. Тийм л солиотой байлаа даа.

-Гэхдээ нэг удаа та дасгалжуулагч нарыхаа итгэлийг алдсан байх. 1972 оны 8 дугаар сарын 22. Канадуудтай тоглох түүхэн тоглолтоос хэд хоногийн өмнө. Та тэгэхэд 8 эсвэл 9 шайб алдсан. Канадын мэргэжилтнүүд бичихдээ “ЗХУ-ын хамгийн муу тоглогч бол хаалгач Третьяк” гэж байсан. Яг юу болсон юм бэ?

-Үнэнийг хэлэхэд би тэр өдөр мөсөн дээр гарахыг огт хүсээгүй. Маргааш өдөр нь миний хурим. Бүх багаа Украйна ресторанд урьсан. Тэр үед би өөр юу бодох вэ? маш их сандарсан. Биеийн тамирын зөвлөлийхөн намайг загнаад “Чи солиотой юм уу? бүгдээрээ чиний хуримд очиж уучихаад, маргааш нь яаж Канадуудтай тоглох юм?”.  Тэгсэн ч гэсэн Татьяна бид 2 хуримаа хийсэн. Багийхны хэн ч мэдээж хурим дээр уугаагүй. Би заримдаа боддог юм. Тэр үед би тийм олон шайб алдаж канадуудыг төөрөгдүүлсэн нь зөв болсон гэж.

-Та эхнэртэйгээ хаана танилцсан бэ?

-Москвагийн алдарт 3 галт тэрэгний буудлын талбай дээр. Манай ээжид дайны үеэр хамт байлдаж байсан найз байдаг юм. Тэр эгч бас цэргийн нисгэгч нөхөртэй. Нэг удаа нөгөө эгч ээжид “Манай найзынх нэг охинтой. Танай хүүтэй танилцуулъя” гэж хэлжээ. Би мэдээж дургүйцсэн. Тэгээд намайг зүгээр очоод уулзаад, харчихаад ир гэж бүгд ятгалаа. Татьяна надад таалагдвал сайн, үгүй бол бэлтгэлтэй гээд зугтана гэж шийдлээ. Очихдоо Саппорогийн олимпод ялаад дөнгөж худалдаж авсан “Жигули” машинаа унаад ирлээ. Тэр зун аймаар халуун байсан. Хүмүүс таниад ирээд, гар бариад салдаггүй, Татьяна байдаггүй. Тэсэхээ байгаад гэр рүү нь залгасан чинь ээж нь удахгүй очно л гэж байна. Татьяна 40 минут хоцроод ирсэн. Татьянаг анх харсан тэр мэдрэмжээ хэзээ ч мартдаггүй юм. Миний мөрөнд хүн хүрэхээр нь эргээд харсан чинь өндөр, шар үстэй, цэнхэр нүдтэй бүсгүй зогсож байсан. Машинд суусны дараа дахиад түүн рүү хараад “Гүйцээ эхнэрээ болгож авнаа” гэж бодсон. Мэдээж чи онгироод, тансаглахаар шийдлээ. Олимпод ялалт байгуулсны дараа Японд газар дээр нь бид нарт 300 доллар, Москвад ирээд бүгдэд нь 3000 рубль өгсөн. Тэр үеийн хамгийн шилдэг ресторанд орохоор шийдлээ. Очсон чинь намайг үүдний харуул нь таньдаггүй, оруулдаггүй. Өөр бүсгүйтэй явж байсан бол нэрээ хэлээд орно л доо. Татьянатай тэгэхийг хүсээгүй юм. Цаашаа жаахан яваад Сокол метроны хажуугийн цайны газар орсон.

-Та өөрөө Татьянад шууд таалагдсан уу?

-Бид 7 сарын 5-нд танилцсан. 5 хоногийн дараа бид Герман руу хэдэн долоо хоногийн бэлтгэлд явах болоод. Энэ хугацаанд л би бүгдийг шийдэхгүй бол түүнийг алдана гэдгээ мэдэж байсан. Түүнийг хоёр ч нисгэгч-офицер эргүүлж байсныг мэднэ. Өдөр бүр бэлтгэлээ тараад гэрт нь очдог. 7 сарын 9-нд эцсийн шийдвэрээ гаргасан. Манай аав над шиг хурдан шийдвэр гаргадаг болохоороо намайг дэмжсэн. Тэгээд хамт бэр гуйхаар явлаа. Замдаа дэлгүүр ороод хуримын бөгж авсан. Таарах үгүйг нь мэдэхгүй автал яг таарсан. Одоог хүртэл бид зүүж байгаа. Очсон аав ээж нь ширээ заслаа. 2 аав цэргийн хүмүүс тул ямар ч асуудалгүй хэл амаа олчихов. Татьяна гэртээ байхгүй байсан болохоор би тосохоор гарлаа. Уулзаад шууд л “Миний эхнэр болооч” гэсэн. Татьяна гайхаад юу ч хариулаагүй. Бие биеэ сайн танихын тулд хэсэг хугацаанд зүгээр уулзаж байя гэж байна. Миний уур хүрээд арай л бөгжөө шидчихээд явчаагүй. Гэрт нь ортол манай аав нар хөгжилтэй нь аргагүй асууж байна “Бид яах гэж ирлээ?”. Би хариуд нь “Гэрлэх санал тавих гэж” гэлээ. Татьянагийн ээж аав нь биднийг дэмжээд, сүй тавьсан даа. Татьяна өөрөө юу ч ойлгохгүй. Ээж нь надад бөгжийг зүүж өгөөд, манай аав Татьянад бөгжийг нь зүүж өгсөн.

-Хуримаа хийгээд хэд хоногийн дараа Монреаль руу түүхэнд орсон тоглолтоор явсан...

-Түүнээс хойш тийм хоккейтой учирч байсангүй. Бараг үзэгчдийн суудлаас бидний яс хугарах чимээ сонсогдож байсан байх. Биднийг маш их хүчтэй цохиж байсан. Хожим нь Бобби Кларк хэлсэн байдаг “Валерий Харламовыг тоглолтоос гаргахын тулд зориуд гэмтээх тушаал авсан байсан” гэж. Гэхдээ бид хариуг нь сайн барьсан. Эхний учралаараа 7:3 хожиж, өөрсдийгөө хүндлүүлсэн. Канадад хоккей чинь үндэсний бахархал. Бүгд шооконд орсон доо. Тэд 8 цуврал тоглолтоос бүгдэд нь өөрсдийгөө хожино, сайндаа л нэгд нь оноо тэнцэнэ гэж бодож байсан. Тэр тоглолт канадчуудад ямар чухал болох нь биднийг яаж тосож авснаас харагдаж байсан л даа. Бидэнд визийг онгоцонд өгсөн. Онгоцны буудлаас биднийг аваад, цагдаагийн хамгаалалттай цуваагаар буудал хүргэж өгсөн. Москвад харин энэ супер цуврал тоглолтыг бүгд зөвшөөрөөгүй. Асуудал Кремлийн түвшинд шийдэгдсэн. Михайл Суслов тас эсрэг байсан. Биднийг ялагдахад ЗХУ олон улсын тавцанд ичгэвтэр байдалд орно гэж тэр үзэж байж. Л.Брежнев өөрөө хоккей сонирхогч байгаагүй бол тэр тоглолт болохгүй байсан. Тэр зөвшөөрөхдөө “гутамшигтайгаар бас битгий хожигдоорой” гэсэн. Үр дүнд нь Канадууд 4 хожиж, бид 3 хожоод, нэгд нь тэнцсэн. Албан ёсоор тэд хожсон ч, бүх дэлхийгээр тэр үед хоккей хожлоо гэж байсан.  

-Дараа нь хариу тоглолтонд Канадууд Москвад ирсэн. Тэгэхдээ тэд эхнэрүүдтэйгээ ирсэн гэж байсан. Та нар эхнэрүүдтэйгээ Канад явсан уу?

-Та юу ярина вэ? Улс төрийн товчооноос аман зөвшөөрөл иртэл бид гадаад явдаггүй байсан. Намайг эхнэртэйгээ хамт ирж амар гэж нэг бус удаа Шведээс урьж байлаа. Гэтэл Кремлиэс надад “Чи явж болно. Эхнэрийг чинь явуулахгүй” гэдэг байсан. Би эхнэрээ орхиод хаашаа явах вэ дээ. Тэгсээр байгаад 1978 онд ЗХУ-ын хамгийн том шагнал болох Лениний одонгоор шагнуулсны дараа намайг эхнэртэйгээ Швед явахыг зөвшөөрсөн. Сайхан аялал болсон доо. Их юм үзсэн. Үүнээс өмнө тэмцээнээр явахдаа хотыг автобусны цонхоор л хардаг байсан. Тэмцээний дараа сүүлийн өдөр л бид хэд дэлгүүр рүү гүйдэг. Биднийг багаар нь хотын төв талбайд авчраад буулгачихдаг, бүгд тал тал тийшээ дэлгүүр рүү гүйдэг. Голдуу хямд дэлгүүр рүү нь гүйнэ. Тэр үед манай улсад олигтой хувцас байхгүй, гэрийхэндээ бүгдэд нь хувцас авдаг байлаа.

-Таны хүү яагаад хоккейчин болоогүй юм бэ?

-Дима оролдож үзсэн боловч чадаагүй. Гэхдээ манай хүү хоккейтэй ойрхон мэргэжил сонгосон. Шүдний эмч. Бүх хоккейчид шүдгүй байдаг юм. Эхнэр ч бас гэртээ дахин нэг хоккейчинтой болохын эсрэг байсан. Димаг хүүтэй болоход нь би “Ядаж ач хүүгээ би мэдье” гэж хэлсэн. Максим бага байхаасаа хоккей сонирхсон. Гэхдээ тэр довтлогч болох хүсэлтэй. Би түүнд “Өвөө чинь хаалгач байхад, чи ч бас хаалгач бол” гэсэн чинь бараг бүтэн жил надаас зөрсөн. Тэгэхээр нь Америкаас худалдаж авсан бичлэгээ үзүүллээ. Тэнд тоглолтын үеэр зодолддог хэсгийн бичлэг гардаг юм. Би түүнд “Голдуу довтлогчийг зоддог, тиймээс тэд шүдгүй байдаг. Хамгаалагч бол хамгаалалтын малгайтай байдаг, тиймээс миний шүднүүд бүтэн байгаа юм” гэлээ. Сурган хүмүүжүүлэх хичээл амжилттай болсон. Максим зөв шийдвэр гаргаж хаалгач болсон. Одоо манай тивийн лигийн “Сочи” багт тоглодог.

-Харамсдаг зүйл бий юу?

-Үгүй. Гэхдээ НХЛ-д тоглож чадаагүйдээ жаахан харамсдаг. Би 1984 онд карьераа дуусгасан. Тэр үед биднийг гадаадын багт тоглоно гэдгийг төсөөлөхөд ч бэрх байсан.

-НХЛ-ээр яах юм. Тэгээд ч таныг тэнд тоглож байсан гэж бараг бүгд боддог байхаа 

-Тийм шүү (сэтгэлээсээ инээв)

Эх сурвалж: www.zms.mn