З.БАТЦЭЦЭГ

 

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэтгэвэртээ гарсан. Тэрбээр энэ үймээн самууны үед улсынхаа нийслэлд гавьяаны амралтаа эдэлж байгаа бөгөөд хаашаа ч яваагүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Миний тухай хэвлэлд гарч байгаа олон зүйлд хариу өгье. Би 2019 онд Касым-Жомарт Токаевт бүрэн эрхээ шилжүүлж, түүнээс хойш тэтгэвэртээ гарсан. Одоо би Казахстаны нийслэлд амьдарч байна" гэж хэлжээ. Мөн цааш нь Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "бүрэн эрх мэдэлтэй", Аюулгүйн зөвлөлийн дарга бөгөөд удахгүй "Нур Отан" (Эх орны гэрэл) намын даргаар сонгогдоно гэж онцолжээ.  Назарбаев "Ерөнхийлөгч К.Токаев ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн шинэ хөтөлбөр дэвшүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжих ёстой" гэж ард түмнээ уриалжээ. Казахстаны анхны ерөнхийлөгч төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжсэн ард түмэндээ талархал илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)