З.БАТЦЭЦЭГ

 

Арабын Нэгдсэн Эмират улсад Йемений Ансар Алла Хутис бүлэглэл дайрчээ. Дайралтын дараа Абу Дабигийн үндэсний газрын тосны компани (ADNOC) тасралтгүй нийлүүлэлтийн төлөвлөгөө гаргаж байна. Энэ тухай компанийн твиттер хуудсанд нийтэлжээ. "Мусаффа дүүргийн шатахууны агуулахад саяхан болсон явдлын дараа ADNOC нь орон нутгийн болон олон улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ найдвартай, тасралтгүй нийлүүлж, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бизнесийн  төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн" гэж мэдэгджээ. Мусаффа дахь ADNOC-ийн байгууламжууд болон АНЭУ-ын нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох барилгын талбайд нисгэгчгүй онгоцууд дайрчээ. ADNOC байгууламжийн нэгэнд гал гарсны улмаас хамгийн сүүлийн мэдээллээр дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Ансар Аллахын хэвлэлийн төлөөлөгч генерал Яхья Сариа хэлэхдээ энэ байлдааны ажиллагаанд таван баллистик болон далавчит пуужин, мөн олон тооны нисгэгчгүй онгоц оролцсон тухай ярьжээ. Тэрбээр мөн агаарын боомтыг буудсан гэж мэдэгдээд гадаадын компаниуд, гадаадын иргэд, АНЭУ-ын оршин суугчдыг өөрсдийн аюулгүй байдлын үүднээс амин чухал байгууламжид ойртохгүй байхыг уриалав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6745)