З.БАТЦЭЦЭГ
Шведийн жүжигчин Алисия Викандер нь ердөө 27 насандаа “Дани бүсгүй” кинонд тоглож, “Оскар” авсан. Үүнээс өмнө тэрбээр дөрөвхөн жилийн өмнө англи хэл дээр анх удаа кинонд тоглосон юм. Алисия Викандер маш амархан холливудын од болж чадсан. Түүний хувийн амьдрал ч амжилттай яваа. Тэрбээр алдарт жүжигчин Майкл Фассбендертэй Ибицад нууцаар гэрлэж, хүүхэдтэй болсон юм. Гэхдээ тэд хувийн амьдралаа сайн нуудаг. Хосууд одоог хүртэл жилийн өмнө төрсөн хүүхдийнхээ, хүйс нэрийг зарлаагүй байгаа юм.
-Алисия, хүүхэдтэй болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Би одоо амьдарлыг шинээр ойлгодог болсон. Өөрийхөө ирээдүйг ч өөрөөр харах боллоо. Урьд нь хүрч чадаагүй оргилдоо хүрсэн ч юм шиг. Жүжигчин хүний хувьд энэ нь надад их зүлийг өгнө гэж бодож байна.
-“Blue Bayou” кинонд та Луизанна мужийн америк эмэгтэйн дүрд тоглосон?
-Би голдуу түүхэн кинонд тоглосон. Швед хүний хувьд сонин байлаа. Надад хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй. Найруулагч Жастин Чон утасдаад “Би таны тоглосон киног үзсэн. Таны гарал үүсэл энэ дүрийг бүтээхэд саад болохгүй” гэж хэлсэн. Америк бүсгүйн дүрийг Швед хүн бүтээх боломж олгох зоригтой хүн байгаад баярлаж байна.
-Жастин өөрөө энэ кинонд таны нөхөр болж тоглосон. Түүний баатрыг Америкаас албадан гаргах гэж буй солонгос залуугийн дүр шүү дээ?
-Америкт төрсөн ч хэзээ ч хөөгдөж болдог цагаачдын хэцүү хүнд амьдарлыг би анх удаа ойлгосон. Би амьдралдаа тийм зүйлтэй тулгарч байгаагүй нь үнэхээр аз. Гэхдээ надад хүнийг төрж өссөн газар нь уу эсвэл эргэн тойрон дахь хүмүүс нь бий болгодог уу гэдэг их сонирхолтой санагддаг юм.
-Та одоог хүртэл Португалд амьдарч байгаа юу. Дулаан газрыг илүүд үзэж байна уу?
-Майкл серфингд дуртай. Бидэнд далайн эрэг дээр амьдрах таалагддаг. Бид наргүй хүйтэн газар өссөн. Манай нөхрийн өссөн Ирландын Килларни хот надад таадагддаг. Манай хамаатнууд одоо ч байгаа. Би тэнд гэртээ очсон юм шиг л санагддаг. Гэхдээ Майкл бараг 20 жил Лондонд амьдарсан болохоор тэндээс явахын түүс. Би нөхөрт гарахаасаа хэдэн жилийн өмнө Лондонд жижиг байшин худалдаж аваад, амьдарч байсан юм. Өөрийн шинэ гэрээ л гэж боддог байлаа. Дахиж нүүнэ гэж огт төсөөлж байгаагүй. Гэхдээ Майкл намайг ятгаж чадсан. Түүний зөв байсан. Далайтай ойрхон амьдрах үнэхээр сайхан. Бидний олон найз нүүж ирсэн. Бүр Мадонна хүртэл шүү. Тэгээд ч эндээс Ирланд, Швед ойрхон.
-Та хуримаа хийгээд дөрвөн жил өнгөрсөн ч өөрсдийн харилцааны тухай юу ч ярихгүй юм?
-Бид анхнаасаа энэ тухай ярихгүй гэж тохирсон. Амлалтандаа хүрэх гэж хичээж л байна. Яаж танилцсанаа ярихаар дэндүү энгийн. “Далайд туссан гэрэл” киноны үеэр танилцсан. Зураг авалтын эхний өдөр би их сандарсан. Би туршлагагүй жүжигчин бол тэр од байсан. Гэхдээ Майкл аймар хүн биш гэдгийг би хурдан ойлгосон. Харин ч хөгжилтэй залуу байсан. Тэр намайг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд зогсохгүй надаас зөвлөгөө асууж байсан. Би үнэхээр гайхсан шүү.
-Дахиад хамт ажиллах хүсэл бий юу?
-Дуртайяа. Гэхдээ бидэнд яг тохирох дүрд л тоглохыг зөвшөөрнө. Энэ бол бид хоёрын хамт ажиллах нөхцөл.
-“Лара Крофт 2”-ийн зураг авалт цар тахлаас болж жил хойшилсон. Удахгүй эхлэх сурагтай байна. Та зоригтой адал явдал хайгч бүсгүйн дүрд дахиад тоглоход бэлэн үү?
-Энэ удаа төлөвлөгөөний дагуу явах байх гэж найдаж байна. Би дахин тоглоход бэлэн байна. Гэхдээ Анжелина Жоллиг гүйцэхгүй гэдгээ мэдэж байгаа. “Wonder Woman”-д тоглосон Галь Гадот бид хоёр нэг англи хэлний багштай. Бид тааралдах бүртээ “яаж хоёулаа энд ирсэн юм бол” гэж асуудаг. Цэвэр америк баатар бүсгүйчүүдийн дүрд хоёр гадаад жүжигчин тоглодог. Миний хувьд “Оскар” авна гэдэг үлгэр шиг л байсан. Гэхдээ би чадсан.
-“Лара Крофт”-ын эхний анги гарсаны дараа нилээн шүүмжлүүлсэн. Та айхгүй байна уу?
-Ихэнхидээ миний бие галбирыг шүүмжилж байсан. Видео тоглоом дээр гардаг шиг тийм гоё шөвгөр хөхгүй байна гэж их шүүмжлүүлсэн. Ер нь хүнийг бие галбираар нь харьцуулах ичмээр зүйл. Энэ зуршлаасаа салах хэрэгтэй. Би жил ирэх тусам өөртөө өгөөмөр хандах болсон. Урьд нь энийг ойлгодоггүй байсан нь харамсалтай. Өөрийгөө толинд хараад ямар нэгэн зүйлээ өөрчилөхийг хүсдэггүй байж сурах хэрэгтэй. Охид бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд “Өөрсдийгөө шүүмжилж, хүнтэй харьцуулахаа боль”. Эмэгтэйчүүд бид өөрсдөө нэг нэгэндээ тэвчээргүй ханддагт би бас эмзэглэдэг.
-Та их сэтгэлийн тэнхээтэй хүн шиг санагдлаа?
-Намайг дандаа л тэгэж хэлдэг. Би дөрвөн жил балетын сургуульд, өдөр бүр хэдэн цагаар толины өмнө, хөдөлгөөн бүр багшийн хараан дор, бусад охид, хөвгүүдийн дунд шүүмжлүүлнэ. Энэ бүгд хүнд ачаа болдог. Сүүлдээ аав ээжээсээ нууцаар сэтгэл судлаач дээр очдог байлаа. Гэхдээ би сэтгэл хөдлөл, айдас түгшүүр, итгэлгүй байдлаа дотроо гүн нууж сурсан. Энэ миний том амжилт байх. Хэн ч миний айж байгааг гаднаас нь хараад мэддэггүй. Би тэр үед өөрөөсөө хүүхдээ балетын сургуульд оруулах уу гэж асуудаг байсан. Балетын сургууль надад олгосон хүмүүжлийг би үнэлдэг. Балетын сургуульд хүн нэг бол ялдаг, эсвэл балет чамайг сөнөөнө. Би ноцтой гэмтэл аваад балетыг орхиогүй бол карьерт хүрч чадах байсан гэдэгтээ эргэлзэж байна. Азаар хувь тавилан миний өмнөөс бүгдийг шийдсэн. Эцсийн шийдвэрийг гаргаад эвлэрэхэд хэцүү байсан. Гэмтэл авсан хөл нуруу одоо ч өвддөг.
-Балетаас жүжигчин болсон эхний бөгөөд сүүлчийн хүн та бишээ?
-Намайг театрын сургуульд гурван удаа аваагүй. Би үнэхээр миний байх ёстой газар биш байна гэж бодсоон. Тэгээд хуулийн сургуульд ороод долоо хоног сурч байтал гэнэт найруулагч Лиза Лангсет намайг шинэ кинондоо тоглуулах болсон. (Тэрээр анхны тоглосон дүрээрээ Шведын киноны хамгийн том шагналыг авсан). Гэхдээ английн найруулагч Жо Райт намайг Анна Каренинад тоглуулах болсноор би англи хэлтэй кинонд тоглож эхэлсэн. Анх удаа англи хэл дээр кинонд тоглож байгаа учир сандраад гар чичрээд байсан. Чичирэхээ больтол зураг авалтыг зогсоосон. Хааяа хааяа швед кинонд тоглохоос өөр илүү зүйл би мөрөөдөж байгаагүй. Манай швед жүжигчин Номи Рапас Холливудын “Луун шивээстэй бүсгүй” кинонд тоглоод дэлхийд нэрд гарахад би анх удаа надад бас боломж байж болох юм гэж бодсон.
-Та ч бас чадлаа?
-Би Лондон очиж хэл сурахад их ач холбогдол өгсөн. Ямар ч аялагагүй ярьж сурч байж би тэр их өрсөлдөөн дундаас гарч ирнэ гэж бодсон. Харин одоо бол төрөлх хэлээрээ ярилцлага арай гэж өгч байна.
-Цар тахал, хөл хорионы үеэр ямархуу байв?
-Бид энэ үед Францын нэгэн жижигхэн тосгонд байсан. Би тэнд ажилтай байсан учир нөхөр араас ирсэн. Миний хувьд энэ их сонин цаг үе байсан. Сайн, муу. Муу нь өмнөх хэв маягаараа амьдарч чадахгүй болсон. Сайн нь нөхөртэйгөө их удаан хугацаанд хамт байж гэр бүлийн амтыг мэдэрсэн. Сүүлийн 12 жилийн хугацаанд нэг газар сараас илүү хугацаанд амьдарч үзлээ. Фермерийн зах яваад, барбекю хийгээд, нөхөртэйгөө гал тогоондоо бүжиглээд, найзуудтайгаа интернетээр покер тоглоод сайхан байсан. Өөрийн эртний хобби архитектур, дизайны сонирхолоо сэргээсэн. Энэ талаар их ном уншсан. Хэзээ нэгэн цагт мэргэжлээ сольбол хэрэг болох байх. Нөхөр бид хоёр олон хуучны кино үзсэн. Тэр үед Майкл кино үзэх чинь кинонд тоглохоосоо дутахгүй гоё юм байна гэж байсан.
-Та хувь тавиланд итгэдэг үү?
-Мэдэхгүй байна. Гэхдээ бүх зүйл тохиолдлын биш гэдэгт итгэдэг. Жишээ нь, надад хоёр кинонд зэрэг тоглох санал ирсэн. Зэрэгцүүлж тоглох боломж тун бага. Гэхдээ би энэ асуудлыг зохицуулж чадсан. Гэтэл энэ хоёр киноны нэгээр нь “Оскар” аваад, нөгөө дээр нь нөхөртэйгөө танилцсан. Энэ тохиолдол гэж үү. Би аль нэгд нь тоглоогүй бол яах вэ. Хөл хорионы үеэр бид шоо тоглосон. Би 14 удаа дараалаад хожсон. Энэ бол аз. Заримдаа бид дэндүү завгүйгээсээ болоод бидэнд тохиож байгаа азыг олж хардаггүй.
Эх сурвалж: www.7dn.ru