З.БАТЦЭЦЭГ
ОХУ-ын уран гулгагч, Олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песковын эхнэр Татьяна Навкатай хийсэн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Та “Хунт нуур” мөсөн жүжигт тоглож байна. Энэ шоуг хийх гэж их удаан төлөвлөсөн үү?
-“Хунт нуур” миний мөрөөдөл байсан. Би үргэлж энэ сэдвээр ямар нэгэн зүйл хийхийг хүсдэг байсан ч нэг л болж өгөхгүй байлаа. Роман Костамаров бид хоёр бэлтгэл хийж эхэлсэн ч удалгүй Рома “Миний ханхүү гэж юу байхав” гээд больсон. Би эртний мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байтал бас саад гарч ирсэн. Тэр нь цар тахал. Үүнээс болоод бид шоугаа хоёр жил бэлдлээ. Бидний урьд нь хийсэн “Руслан, Людмила хоёр”, “Аленький цветочек”, “Спящая красавица” нар бол өөр, шинэлэг талаас нь хийж болно. Харин “Хунт нуур”-ыг хүмүүс сонгодог балеттай нь заавал зүйрлэнэ. Уг нь бол балет, уран гулгалт хоёр тэс өөр ертөнц л дөө. Түүнээс гадна олон хүнд, жишээ нь манай нөхөрт “Хунт нуур” гэхээр ЗХУ-тай зүйрлэгддэг. Дарга нарын хэн нэг нь нас барахад, зурагтаар өдөржингөө “Хунт нуур”-ыг гаргадаг байсан. Бидний зорилго бол энэ ойлголтыг өөрчлөх. Томчуудад ч, хүүхдүүдэд ч сонирхолтой байх үлгэр хийхээр шийдсэн. Асар их туршлагатай, жүжиглэх чадвартай, олон талын авъяастай уран гулгагчид оролцсон.
-Үзэгчид таны шоуг хүлээдэг болж. Гэр бүлээрээ үздэг уламжлал болсон гэж хэлж болох нь?
-Өнгөрсөн жил хүнд цаг үе байлаа. Олон шоуг цуцалсан ч манай шоуг хийх зөвшөөрөл өгсөнд талархаж байна. Юу ч болж байсан манай шоу үргэлжилсээр байх болно. Энэ жил тасалбар сайн зарагдаж байна. Хүмүүс айхгүй байгаад би баяртай байна. Бид мэдээж халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж байгаа. Хяналтын алба бидэнд сайн зөвлөж, дэмжиж байна.
-Таны охин Надежда оролцох уу?
-Оролцолгүй яахав. Гэхдээ ямар дүрд гэдгийг нь нууц хэвээр үлдээе. Та өөрөө ирээд үзээрэй.
-Надя нэгдүгээр ангийн сурагч. Хичээлээс гадна спорт, хөгжмөөр хичээллэдэг. Яаж энэ их ачааллыг дааж байна вэ?
-Надя бас гурван хэл сурдаг. Охин минь их хичээж байгаа. Тэр өдөрт 12 цаг, түүнээс ч илүү ажилладаг байх. Өглөө долоон цагт босоод, 8:30-д хичээлтэй. Дараа нь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй. Азаар сургууль нь одоогоор даалгавар бага өгч байна. Гэхдээ энэ нь Надяд таалагддаг. Өөр байж болдог гэдгийг одоогоор тэр мэдэхгүй.
-Түүнд юу их таалагддаг вэ. Шоуд тоглох уу?
-Тайзан дээр гарахаараа үзэгчдийн энергээр дүүрч, их эрч хүчтэй болдог. Тайз бол амьдрал, мөрөөдөл нь. Жинхэнэ жүжигчин хүн. Саяхан Дубайд очиж “Спящая красавица” жүжгээ тоглолоо. Амралтын хоёр өдөр очсон. Арабын Эмиратад бүтэн сайн нь ажлын өдөр юм байна. Би үзэгчид ирэхгүй байх даа гэж айж байсан ч нэг ч тасалбар үлдээгүй. Үзэгчид биднийг баярлаж, хөөрч, алга ташиж хүлээж авсан. Тэд хэзээ ч ийм тоглолт үзэж байгаагүй. Бид бүх техник, тоног төхөөрөмжөө аваад явсан. Хамгийн гайхалтай нь тэндээс бидний хэрэглэдэг техник ерөөсөө олддоггүй. Мөсөн дээр гал гаргадаг бодис тэнд бүр хориотой юм билээ. Тиймээс бид галгүй тоглосон. Тухайн үед Надя ийм сайхан хүлээж авдаг үзэгчид дунд тоглосондоо их жаргалтай байсан.
-Таны охин бас тэмцээн уралдаанд байнга оролцдог. Саяхан тэргүүн байранд орсон. Үүнээс өмнө түүнийг сайн гулгасан байхад, жүжиглэх чадвар дээр оноо хассан. Та энэ тухай мэдээлэл оруулж байсан санагдах юм?
-Би их удаан тэссэн. Би хэзээ ч шүүгчидтэй маргаж байгаагүй. Гэхдээ хүүхдэд удаа дараа оноог нь буулгаж тавихаар эгдүүцсэн. Дасгалжуулагч нь хүртэл учраа олохгүй, гулгах програмаа өөрчлөх гээд. Би шүүгчээс “яагаад” гэж асуухаар шийдсэн. Тэд “Даашинз нь тохирохгүй байна. Хөгжим нь биш байна. Ер нь таны шоуны сурталчилгаа яваад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэсэлгүй пост оруулсан. Үр дүнгээ ч өгөх шиг болсон шүү.
-Таньд “Наши Надежды” гэж уран гулгалтын академи бий. Саяхан байгуулагдсаны нэг жилийн ой нь боллоо. Олон хүн тэнд сурахыг хүсэж байна. Та ч яаж аварга төрүүлэхээ мэднэ дээ?
-Би өөрөө хүүхэд дасгалжуулдаггүй. Би энэ академийг ерөнхийд нь хянаж, хамгаалж явдаг. Энэ бүгд манай охины ачаар үүссэн. Надягийн дасгалжуулагч Мария Полякова өөрөө жаахан хүүхэдтэй байж, бараг мөсөн дээр хонохоо дөхөж ажилладаг. Мария төрөлхийн дасгалжуулагч, тэр байгаагүй бол манай Надя уран гулгалтаар хичээллэхгүй байсан байх. Би өөрөө ийм л багш нартай байсан. Хүүхэд ажилдаа дуртай байхын тулд уран бүтээлч сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Манай дасгалжуулагчид энэ бүгд байгаа. Саяхан тэд Хэллоуны баярыг яаж зохион байгуулсан гээч. Олон хүмүүс энэ баярт дургүй байдаг ч, хүүхдүүдэд таалагддаг. Энэ л чухал. Мария надад өөрийхөө сургуульд нэрээ өгөөчээ гэхэд би дуртайяа зөвшөөрсөн. Би чадах бүхнээрээ тусалж байгаа. Ер нь хүүхдүүдэд олимпийн аваргын дэмжлэг хэрэгтэй. Манай тамирчин охид их сайн. Бүх Оросын тэмцээнд эхний хоёр байрыг эзэлсэн. Одоо удахгүй Оросын аварга болно.
-Та ярилцлагадаа нэг бус удаа олимпийн аварга болдоггүй. Анхнаасаа олимпийн аварга болж төрсөн байдаг гэж хэлсэн удаатай. Хүүхдийг нэг хараад л онцгой гэдгийг нь мэдэрч болох уу?
-Авъяас бол 100 хувь харагдана. Цаашаа олон хүчин зүйлээс шалтгаална. Бие сэтгэлийн, жүжиглэх, спортлог чадвар, эрүүл мэнд, хүсэл зориг, хөдөлмөрч зан гэх мэт. Мөн гэр бүл нь дэмждэг байх их чухал. Авьяастай хүүхдүүд дасгалжуулагч олох болможгүй байх үе бий.
-Эцэг эх нь боломж, хүсэл байгаад хүүхдээ шахаад байдаг. Даанч хүүхэд нь чадахааргүй байвал яах вэ?
-Тийм тохиолдол хэдэн сая. Миний том охин теннисээр амжилт гаргахыг их хүсэж байсан. Боломж нь ч байсан. Гэвч бэртэл аваад чадаагүй. Тэгээд ч теннисчин болох биеийн үзүүлэлт хангалтгүй байсан. Шарапова шиг өндөр юм уу, эгч дүү Уилльямс шиг хүчтэй бол яахав. Манай Саша чинь жижигхэн, зөөлөн хүн. Хүн бүр өөр өөрийн хувь тавилан, амьдралтай. Үүнд дасан зохицох хэрэгтэй. Нэг зүйлд амжилтгүй байхад өөр зүйлд амжилт олж л таарна. Жишээ нь Саша одоо МГИМО төгсөх гэж байна. Өөрийн гэсэн бизнестэй.
-Ямар?
-Англи, Америк, Хятадад “Бабл ти” их алдартай. Нэг төрлийн цай л даа. Олон янз байдаг. Хөөстэй, хөөсгүй, хүйтэн. Саша ийм цайны газар нээсэн. Мэдээж би эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийсэн. Цаашаа өөрөө бүгдийг нь хийгээд, жилийн дараа надад мөнгийг минь буцааж өгнө гэсэн. Хүүхдээ ажилдаа дуртай үүнийхээ төлөө зүтгэж байгааг харах эх хүний хувьд сайхан байна.
-Тамирчин хүн дасгалжуулагчаа олох их чухал. Та олон хүнтэй ажиллаж байсан. Наталья Дубоватай хамт амжилт, шаналалыг үзсэн. Зодуулж, шөнө хувцасны өрөөнд түгжүүлж, өлсгөж байгаагүй бол та олимпийн аварга болох байсан уу?
-Болох байсан гэж боддог. Үүнээс ч өмнө би олон тэмцээнд шагналт байранд орж байлаа. Заавал намайг хатуу шийтгэх шаардлага байгаагүй. Намайг доромжлох шаардлаггүй. Би бүгдийг хийнэ. Хатуу хандсан ч, зөөлөн хандсан ч. Наталья биднийг үргэлж “Хэн ч биш, юу ч биш” гэж сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Та нар эндээс явах юм бол хэнд ч хэрэггүй гэдэг байлаа. 14 настай би мэдээж үүнд нь үнэмшинэ. Уран гулгалтад ингэж их хүч хөдөлмөрөө зарцуулчихаад, юу ч үгүй үлдэхээс айна биз дээ. Гэхдээ түүнээс хойш би ямар ч дасгалжуулагчаас айхаа больсон.
-Одоо ч юунаас ч айхгүй юу?
-Бараг л. Хамгийн аймшигтай зүйл бол ойр дотны хүнээ л алдах. Бусад нь бол байдаг л зүйлс. Миний гэр бүл, хүрээллийнхэн маань аль болох урт насалж, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна. Бас өөрийнхөө дотор байгаа амьдарлын эрч хүчээ алдахыг хүсэхгүй байна. Үүнийхээ ачаар би шинэ зорилго тавьж түүндээ хүрдэг.
-Яг одоо та юу хүсэж байна вэ?
-Юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна. Нөхөр, хүүхдүүд, ээж аав үргэлж хамт байгаасай. Тэднийхээ хажууд би мөнхийн эрч хүчтэй, аз жаргалтай, хайран дунд байдаг. Заримдаа ажил амжихгүй, санаа зовоод, шөнө гэнэт сэрнэ. Тэрийг амжуулсангүй, энэ бүтэхгүй байна гээд л . Энэ үед би өөрийгөө тайвшруулж өглөө учир нь олдоноо гэж хэлдэг. Үнэхээр өглөө шийдэл нь олддог. “Салхинд туугдагсад” кинон дээр би “Энэ тухай маргааш бодьё” гэж хэлдэг дээ. Үүнийг би арай өөрчлөөд “Өнөөдөр би чадлаараа бүх зүйлээ амжуулна. Амжаагүй зүйл үлдвэл маргааш яаж хийх талаараа бодно” гэсэн уриатай амьдардаг.
-Та амьдарлын сонголтоо ухаан, зүрх сэтгэл, зөн совингийн алинд нь итгэж хийдэг вэ?
-Ухаан, зүрх сэтгэл нийцэж байвал зөн совин гэж боддог. Ямар ч сонголт хийсэн бай нэн тэргүүнд гэр бүл, хайрыг л үргэлж нэгдүгээрт тавьдаг .
-Та яаж хайртайгаа учирсан бэ?
-Бидний хайр яаж бий болсныг хэлж чадахгүй байна. Тайлбарлахад их хэцүү. Энэ хайр яг зөв цагтаа ирсэн гэдэгт итгэдэг. Бид 17 насандаа учирсан бол энэ хайрыг насан туршдаа тээж явж чадахгүй байсан байх. Бид ухаан сууж, хувь хүн болсныхоо дараа учирсан. Манай нөхөр шудрага, зөв хүн. Би түүгээр нь их бахархдаг.
-Та түүнд шууд дурласан уу?
-Үгүй ээ. Шууд биш. Бас асуудал байсан.
-Тухайн үед та хоёр аль аль нь гэр бүл, хүүхэдтэй байсан. Гэр бүлд дулаан уур амьсгалыг яаж бүрдүүлэх вэ?
-Бүх зүйл эхнэрээс шалтгаална. Би гэр бүлдээ дулаан уур амьсгал төрүүлж, хурдан гэртээ харих юмсан гэсэн сэтгэл төрүүлэх гэж хичээж амьдардаг.
-Хамтын амьдралын хамгийн аз жаргалтай үеэ дурсаач?
-Хамтдаа өнгөрүүлсэн хором бүхэн минь жаргалтай. Охинтой болсон, амралтаар явах, дэлгүүр хэсэх. Орой хамт зурагт үзэх, тоглолтын дараа нөхөр надад баглаа бэлэглэх, цар тахлын үе хүртэл.
-Цар тахал аа. Олон хосууд энэ үед салсан шүү дээ?
-Тийм ээ. Гайхах хэрэггүй. Бид хөл хорионы үеэр харин ч илүү нэгдэж чадсан. Нөхөр ажлаасаа их эрт ирдэг байлаа. Хамт гэрийн ажлаа хийгээд, салхилаад. Орой кино үзэж, ном уншиж тоглоод л. Их хөгжилтэй байсан шүү.
-Эрт гэдэг нь хэдэн цагт вэ?
-Уг нь ихэнхдээ 22 цагаас хойш ирдэг байсан юм. Харин хол хориотой үед 17 цаг гээд л ирдэг байлаа. Цар тахлын үеэр амралтын өдрүүдэд байнга гэртээ байсан. Энэ нь манай гэр бүлийн хувьд их ховор тохиолддог зүйл л дээ. Хөл хорионы үеэр гэр бүлээрээ тайван, сайхан байсан.
-Цар тахлын үед нөхрүүдийн тогоочийн авьяас гэнэт нээгдсэн гээд л шуугиад байсан. Харин танай нөхрийн хувьд?
-Дмитрий Сергеевич шорлог их сайхан шардаг. Бид өдөр бүр шинэ хоол хийж гэр бүлийнхнийгээ баярлуулж байсан.
-Танай гэр бүлд шинэ жилийн тогтсон уламжлал бий юу?
-Би бүх ард түмэнд шинэ жилийн бэлэг болгож шоугаа хийдэг. Гэр бүлийн хувьд янз бүр. Гэхдээ гэртээ нийслэл салатаа хийгээд, зурагт үзэх нь илүү сайхан байдаг юм. Бүтэн жил ачаалалтай ажилладаг болохоор гэртээ тайван амарахыг хичээдэг. Би олны нүдэн дээр ил гарах дургүй. Мэдээж би гоё хувцаслах дуртай. Зарим хүүхнүүд өдөр бүр хүлээн авалтад оролцож байгаа харагддаг. Хэдийдээ ингэж гоёж, будаж, хувцсаа сонгож амждаг байна гэж их гайхдаг шүү.
-Манай уншигчдад шинэ онд зориулж юу хэлмээр байна?
-Өөртөө итгэж, хэзээ ч бууж өгч болохгүй. Энэ л миний уриа. Зөвлөлтийн уриа шиг байгаа биз. Мэдээж бурхны сургаалийг баримтлах хэрэгтэй. Гомдож, атаархахгүй, уучилж сурах хэрэгтэй гэж хэлье.
Эх сурвалж: www.7dn.ru