З.БАТЦЭЦЭГ
Израилийн цэргийн тагнуулын газрын дарга асан, хошууч генерал Тамир Хейман нь Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч Касем Солейманигийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр өндөр албан тушаалтай цэргийн албан хаагчийг устгасан нь ололт гэж нэрлэсэн тухай “The Jerusalem Post” сонинд бичжээ.
“Бидний гол дайсан иранчууд учраас Солейманигийн амийг хөнөөсөн нь амжилт юм” гэж Т.Хейман хэлэв.Үүнээс гадна Тегеранаас Сири рүү чиглэсэн зэвсэг, мөнгөний урсгалыг зогсоохыг оролдсон гэж тэрбээр нэмж хэллээ.
Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын эхээр Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо АНУ-ын пуужингийн цохилтын үеэр амиа алдсан юм. Дараа нь Ираны цэргүүд Айн аль-Асадын бааз болон Иракийн Эрбил хотын нисэх онгоцны буудал руу хариу цохилт өгсөн байна. Тегеран мөн Сулейманийг хөнөөсөн хэргийн өшөөг авах нь гарцаагүй гэж мэдэгдэж байсан билээ.
Дараа нь Сулейманигийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицер Жеймс Уиллисийн цогцсыг Катар дахь Аль Удейд агаарын баазаас олжээ. 55 настай цэрэг амиа алдсан нь тулаантай холбоогүй юм. Уиллис Агаарын цэргийн хүчний Улаан морьт эскадрилийг удирдаж, АНУ-ын армийн цэргийн ажиллагааг дэмжих зорилгоор Катарт байрлаж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.23 ПҮРЭВ № 252 (6729)