З.БАТЦЭЦЭГ

Алексей Баталов сургуулийн хүүхэд байхдаа кинонд тоглож эхэлсэн. МХАТ-ыг төгсөөд тэрбээр “Тогоруу нисэж байна”, “Румянцовын хэрэг”, “Гурван бүдүүн” зэрэг кинонд тоглосон. Гэхдээ түүний хамгийн том дүр бол “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гоша юм. Энэ киноноос хойш тэрбээр албан ёсоор киноны карьераа дуусгаж, ВГИК-д багшилж эхэлсэн.

“Ердийн мелодрам”

Алексей Баталов 1979 онд кинонд тоглох бодолгүй байлаа. Тэрбээр оргил үедээ буухаар шийдсэн байжээ. Гэтэл Владимир Меньшов түүнийг “Амьдрал нулимсанд дургүй” кинонд тоглуулах санал тавьсан юм. А.Баталовт түүний дүр таалагдсан учир шууд зөвшөөрчээ. Хожим нь дурсан ярихдаа “Хэрвээ энэ кинонд тоглоогүй бол өөрийгөө жүжигчин гэж нэрлэхгүй байлаа” гэжээ. Үүнээс хойш 1986 онд “Хосуудын шүхэр” кинонд тоглоод дахиж дэлгэцнээ гараагүй юм. Тэр амьдралыхаа сүүлчийн өдөр хүртэл ВГИК-т ирээдүйн жүжигчдийг бэлтгэж, багшилсаар байв.

Түүний дүр Гоша Зөвлөлтийн үед ганц бие ээжүүдийн хүсэл мөрөөдөл байлаа.

Цыган бүсгүй Гитана

А.Баталов өөрийн амьдралынхаа хамгийн дурсамжтай үеийг Гитана Леонтенкод дурласан явдал гэдэг. Гитана циркэд морьтой үзүүлбэр үзүүлдэг байлаа. Алексей түүнийг хараад шууд дурласан гэж ярьдаг. Гэвч тэрбээр гэрлэх саналыг 10 жилийн дараа тавьжээ. Тэд нэг охинтой бөгөөд, харамсалтай нь охин нь тархины саажилттай төрсөн юм. Гэр бүлээ юугаар ч дутаахгүйн тулд Алексей ажлаа хийдэг, хожим нь эхнэр бас циркдээ буцаж орсон байна. Тэд хамтын хүчээр охиноо хөл дээр нь босгож, сайн боловсрол эзэмшүүлж чадсанаар, охин нь зохиолч болсон юм.

Үүнээс өмнө Алексей Владимирович алдарт зураач Константин Ротовын охинтой гэр бүл болсон юм. Ирина тэр хоёр хамт 10 жил амьдарсан бөгөөд Надежда гэж нэг охинтой. Аавыгаа хаяад явсан хэмээн буруутгаж, гомдсон охинтойгоо харилцаагаа сайжруулж чадаагүй юм.

Тэр шударга жүжигчин байсан. Хэзээ ч ашигтай реклам, сериалд тоглож байгаагүй. Зөвхөн кино, театрт л ажилладаг байсан. Тэтгэвэрт гарахад түүнд ямар ч хураасан хөрөнгө байгаагүйд гайхах зүйлгүй. Түүний цорын ганц өмч бол Переделкино дахь зуслангийн байшин. Түүний зуслангийн хөрш баня барих нэрээр газраас нь авсныг тэрээр шүүх хурлаар буцааж авах гэж олон жил, нас бартлаа тэмцсэн байдаг. Энэ эцэс төгсгөлгүй шүүх хурал түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн. Тэрбээр 88 насандаа хүнд өвчний улмаас өөд болжээ.

Эх сурвалж: www.7dn.ru