Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ-ын Ерөн­хий­лөгч Владимир Путин коронавирусын эсрэг вакцины гурав дахь тунгаа тариулжээ. Тэрбээр “Россия 24” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо “Хоёр цагийн өмнө би нэмэлт тунгаа тариуллаа. "Спутник Light" вакцины нэмэлт тунг тариулсны дараа ямар нэгэн сөрөг хариу урвал илэрсэнгүй, хэвийн байна” гэж ярьжээ. В.Путин энэ оны хавар вакцины хоёр тундаа хамрагдсаныг мэдээлсэн билээ.

Дэлхийн хамгийн анхны коронавирусын эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сард ОХУ зарлаж байв. Гэвч тус улсад тархалт буураагүйн сацуу вакцины хамрагдалт маш муу байгаа юм. Цар тахлын мэдээллийн тоон үзүүлэлтийг нийтэлдэг "Gogov"  сайтын мэдээллээр ОХУ-ын нийт хүн амын 37 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдаад байна.

Хэдийгээр дархлаажуулалтын идэвх сул байгаа ч Владимир Путин цар тахлын эсрэг вакцинд хамрагдах нөхцлийг сайн дурын үндсэн дээр хэвээр байлгах саналтай байгаа юм.

Гэхдээ зарим хот, мужуудад вакцинжуулалтад заавал хамрагдахыг албадах болжээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Москва хотноо үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийг заавал вакцинд хамрагдах шаардлагыг хотын удирдлагууд тавьсан юм. ОХУ-д өнөөдрийн байдлаар цар тахлаар 9.3 сая гаруй хүн өвчилж, 265 мянга гаруй хүн нас барсан нь дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)