Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарын цахим уулзалтыг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд товлосныг Цагаан ордноос мэдээллээ. Энэ нь Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хятадын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалт гэдгээрээ онцлогтой.  Харин Хятадын дарга Ши Жиньпин 2019 оны сүүлчээр Уханьд цар тахал гарснаас хойш гадаад оронд айлчлал хийгээгүй.  Мөн энэ сарын эхээр болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх "COP-26" чуулга уулзалтад ч биечлэн оролцоогүй юм.

Цахим уулзалтаар хоёр орны дунд маргаантай сэдвүүд, цар тахлын гарал үүсэл, Хятад улсын цөмийн зэвсгийн хангамж гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ тухай Хятад улсаас АНУ-д суух Элчин сайд Цинь Ган “Хятад улс АНУ-тай харилцаагаа өргөжүүлэн, хоёр гүрний харилцааг зөв замаар хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ уулзалт нь Хятад болон Америк улсын харилцааг зөөлрүүлэхэд тустай” гэж ярьж байв. Жо Байдены захиргаа нь Хятадын хүчирхэгжилтийг АНУ-ын өмнө тулгарсан XXI зууны геополитикийн том сорилт гэж үзэж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронтой хамтарч ажиллахад анхаарлаа хандуулж байгаа юм.

Харин Хятадын хамгийн чухал улс төрийн уулзалтуудын нэг болох  VI бүгд хурал энэ сарын 8-11-нд Бээжин хотноо болж өндөрлөсөн. Хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхцсан төдийгүй түүхэн шийдвэрийг гаргасан гэдгээр онцлог байв. Ингэснээр ирэх хурлаар Ши Жиньпин Хятад улсын даргаар гурав дахь удаагаа сонгогдох магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.15 ДАВАА № 224 (6701)