З.Батцэцэг

Оросын агуу зохиолч, гүн ухаантан  Федор Михайлович Достоевский (1821-1881). Дэлхийн болон хүний ​​сэтгэлийн судлагдаагүй гүн, нууцыг дүрсэлсэн. Хүн өөрөө өөрийгөө хөдөлгөж, сайн мууг ялгах чадвартай байдаг. Тиймээс үйлдлийхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг. Достоевскийн уран бүтээл дэлхийн болон оросын гүн ухааны хөгжилд их томоохон нөлөө үзүүлсэн.

Федор Михайлович Достоевский 1821 оны 11 сарын 11-нд Москвад мэндэлжээ. Түүний аав бага залуудаа гэрээ орхин анагаахын боловсрол эзэмшээд, 1812 онд Наполеоны довтолгооны үеэр цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. Дараа нь Марины ядуучуудын эмнэлэгт ажиллаж байж. Нас ахиад олон жил хураасан мөнгөөрөө Москвагийн ойролцоо 2 жижигхээн тосгон худалдаж авчээ. Яг тэр газар Ф.Достоевский бага наснаасаа эхлэн тариаланчдын хөдөлмөрийг үнэлэж, төрөлх байгальдаа хайртай болж өсчээ. Хүүхэд насаа Ф.Достоевский эргэн дурсахдаа “Би орос, шүтлэгтэй гэр бүлээс гаралтай. Бид бараг төрсөн цагаасаа эхлээд Евангелийг мэддэг байсан. Би бараг 10 настай байхдаа оросын түүхийн чухал үйл явдлуудыг бүгдийг мэддэг байлаа” гэсэн байдаг.

1843 онд тэрээр ахтайгаа хамт Петербургийн цэргийн инженерийн сургуульд оров. Эдгээр жилүүдэд аав нь тосгоныхоо хэсэг хүмүүсийн гарт амиа алдсан юм. Аавыгаа нас барсныг сонсоод Ф.Достоевский анх удаа татаж унасан гэх яриа байдаг.

Инженерийн сургуульд сурч байхдаа И.Н.Шидловскитой найзууд болсон нь түүнд их нөлөөлсөн.  Сургуулиа төгсөөд инженерийн хэлтэст ажилд орсон ч тэнд их удаагүй гарсан юм. Тэрбээр үргэлж ядуу амьдарч байсан. Гэрээс нь мөнгө ирсэн ч тэр дор нь үрчихдэг байв. 1844 онд анх утга зохиолын ажил хийж Бальзакын романыг орчуулж хэвлүүлсэн байдаг. 1845 оны 5 сард тэрээр анхны роман болох “Ядуу хүмүүс”-г бичиж дуусгасан. Шүүмжлэгч Белинский энэ романыг их өндрөөр үнэлжээ. Тэрбээр анхны романаасаа эхлээд л ядуу хүмүүсийг их өрөвддөг, хүний сэтгэлийн гүн руу орж чаддаг, амьдарлын эмгэнэлт талыг нарийн гаргаж бичдэг байжээ.

1847 онд тэр Петрашевскийн хувьсгалт нийгэмлэгийн чуулганд хамрагдах болсон байна. 1849 оноос эхлээд Н.Пешнев, С.Дуров нарын социалист клубын гишүүн болсон. Орост төрийн эргэлт хийх зорилготой тэд нууцаар засгийн эсрэг уран зохиол, тунхаглалыг хэвлэж байлаа. Энэ бүгдэд залуу Ф.Достоевский биечлэн оролцож байсан юм. 1849 оны 4 дүгээр сарын 23-нд тэрээр баривчлагдан, буудуулах ял авчээ. 1849 оны 12 дугаар сарын 22-нд бүгдийг нь буудхаар талбай дээр гаргаж ирээд нүдийг нь боож байтал хааны зарлигаар хүнд хөдөлмөр эрхлүүлэн, дараа нь армид цэрэг болгох тушаал иржээ. Ф.Достоевскийн ой тойнд “үхлээ хүлээсэн аймшигт 10 мин” их тод ул мөр үлдээжээ. Түүнийг 4 жил Омскийн шоронд хүнд хөдөлмөр эрхлүүлхээр илгээсэн. 1854 оноос Семипалатинскд цэргийн алба хашиж эхэлжээ. Николай I хааныг нас барсны дараа Севастополийн баатар Э.Тотлебены өргөдлөөр түүнийг офицер болгосон байна.

1857 оны 2 дугаар сард тэрээр М.Исаеватай гэрлэсэн ч эхнэр нь сүрьеэ өвчтэй байснаас болоод гэрлэлт амжилтгүй болсон юм. 1859 онд түүнийг оросын европ хэсэгт буцаж ирхийг зөвшөөрчээ. Тэрээр Петербургт суурьшив. 1860 оноос эхлээд түүний зохиолууд ар араасаа цувран гарч, тэрээр оросын, дэлхийн уран зохиолын суут хүн гэгдэх болжээ.

1861 онд тэр барууныхан славянчууд гэсэн хэрүүлийг зогсоох зорилготой ах Михаилийн хамт “Время” сэтгүүл үүсгэн байгуулжээ. Сэтгүүлийн захиалгын зар дээр “Бид тусдаа үндэстэн, өвөрмөц ард түмэн. Бидний гол үүрэг бол өөрсдийн, төрөлх хэлбэрээ олох юм” гэж бичжээ.

1862 оны зун тэрээр анх удаа гадаадад аялж, Парис, Лондон, Герман, Швейцарь, Итали оржээ. 1863 онд залуу зохиолч бүсгүй А.Суслова түүнд ихээр таалагдаж, хамтдаа гадаадаар аялсан байна. А.Сусловагийн дүр төрхийг тэрээр “Тоглогч” номондоо дүрсэлжээ. 1864 оны 4 дүгээр сард эхнэр нь нас барж, дараа нь 7 дугаар сард ах нь нас барсан байна. Ахынх нь өр түүн дээр үлдэж, амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл энэ өр түүнд дарамт болж байлаа. Энэ үед түүний уран бүтээл сэтгүүл зүйн хэв маягтай байв. Тэр өөрийн гэсэн публицист хэв загварыг бий болгосон. Түүний “Зохиолчийн өдрийн тэмдэглэл” нь одоог хүртэл судлах үнэт материал болсон хэвээр байна.

1866 оны 10 сард зохиолч хүнд байдалд орлоо. Ном хэвлэлийн Стелловский 11 сар гэхэд бэлэн роман өгөхгүй бол түүний бүх зохиолын эрхийг авхаар байв. Тэрээр бичээч Анна Сниткинад хандан “Тоглогч” романаа сарын дотор бичүүлэв. Үүний дараа Анна Сниткина түүний эхнэр болж, үнэнч туслах нь болсон юм.

1867 оны 4 дүгээр сарын 14-нд тэд гадаад явж, 4 жил хэрэн тэнүүчлэн амьдарчээ. 1871 оны 7 дугаар сарын 8-нд тал өрөө төлж дууссаны дараа тэд Петербургт ирэн суурьшив. Гадаадад байх хугацаанд 2 охин төрсөний нэг нь удалгүй нас барсан юм. Харин орост буцаж ирсэний дараа 2 хүү төржээ.

“Албингууд” зохиолоо бичиж дууссаны дараа 1873 онд “Гражданин” сэтгүүлийн редактороор ажиллаж эхлэв. Энэ сэтгүүлд тэрээр “Зохиолчийн өдрийн тэмдэглэл”-ээ хэвлүүлж эхэлсэн байна. 1880 онд “Ах дүү Карамазовыг” бичиж дууссаны дараа тэрээр дахин “Зохиолчийн өдрийн тэмдэглэл” бичиж эхэлсэн. Гэвч авьяас чадварын ид оргил үеийг үхэл тасалдуулжээ. 1881 оны 1 дүгээр сарын 28-нд тэр нас барсан юм.

“Бидний 90 сая оросууд боловсролтой, хөгжингүй, хүнлэг, аз жаргалтай байхыг би хүсэж байна” гэж Их зохиолч хэлсэн байдаг.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” zms.mn