Б.ДОЛЖИНЖАВ
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хэмжээний 26 дахь уулзалт  “COP26” Шотландын Глазго хотноо болж дууслаа. Энэ уулзалтад дэлхийн 100 гаруй орны удирдагч оролцож, 40 гаруй орон нь 2050 он гэхэд нүүрсний хэрэглээгээ тэглэхээ амлав.

Харин 100 гаруй орон  2030 он гэхэд ой модны устгалыг зогсоохоо амласан юм. Мод тайрах нь дэлхийн дулаарал нэмэгдэхэд нөлөөлдөг хамгийн том шалтгаануудын нэг юм. Үүнээс гадна Америк болон Европын холбоо метаны ялгаруулалтыг бууруулахад хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ.  Ийн COP26 уулзалтын талаар улс орнууд ямар байр суурьтай байгааг  тоймлон хүргэж байна.

Хятад, Америк хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ

Дэлхийн хамгийн том хоёр гүрэн АНУ, БНХАУ метан хийн ялгаруулалтыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих, агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг багасгах, ойжуулах, технологио хуваалцах гэсэн чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Агаар мандалд хамгийн их нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг улс нь нэгдүгээрт Хятад, хоёрдугаарт АНУ юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хоёр гүрний хамтын ажиллагааг “зөв чиглэлд хийсэн чухал алхам” хэмээн магтав.

Хятадын төрийн мэдээллийн агентлагууд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг энэ уулзалтын талаар ил тод мэдээлсэнгүй. Тиймээс тус улсын энгийн иргэд дээд хэмжээний хурлын талаар  сайн мэдсэнгүй. Энэ нь тус улсын удирдагч Ши Жиньпин уулзалтад биечлэн оролцоогүйтэй холбоотой байж магадгүй хэмээн шинжээч Стефен МакДоннел бичжээ.

Америк:Манлайллаа харуулах боломж байлаа

АНУ-ын  нийтлэлч Лаура Тревелиан өөрийн улсын COP26 уулзалтын талаарх байр суурийг BBC-сайтад “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден COP26 чуулганыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Америк  манлайлдаг гэдгийг харуулах боломж хэмээн тодорхойлсон.  Учир нь өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээрээс гараад байсан бол Байден ажлаа авсан эхний өдрөө тус хэлэлцээрт эргэн нэгдсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ерөнхийлөгч ямар арга хэмжээ авахыг дэлхий чих тавин хүлээж байв” хэмээн бичжээ.

Америк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 500 тэрбум ам доллар зарцуулах эсэх тал дээр Конгресс хуралдаж байгаа нь хамгийн анхаарал татсан үйл явдал болоод байна.  Тус улсын нүүрс олборлогч Баруун Виржина мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Жо Манчин “Байдены 500 тэрбум ам долларын багц сенатаар батлагдахгүй байх эрсдэлтэй” хэмээн үзэж байгаа тухайгаа ярьжээ.

Орос:Бид дэлхийн дулаарлаас үнэхээр айх хэрэгтэй юу?

“BBC”-ийн Москва дахь сурвалжлагч Стеве Розенберг “Их Британийн сонин “Хатан хаан бидний “эмзэг” гарагийг аврахыг гуйв” хэмээн нүүр хуудсандаа бичсэн бол Оросын хамгийн алдартай өдөр тутмын сонин “Бид дэлхийн дулаарлаас үнэхээр айх хэрэгтэй юу” хэмээн гарчиглажээ. Кремлийг дэмждэг тус сонин “Бид айх хэрэггүй. Дэлхийн дулаарал эерэг үр нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Орос улс цахилгааны төлбөр бага, тээврийн хүртээмжтэй замтай” хэмээн дүгнэж нийтлэлээ төгсгөсөн байна. Энэ нь тус улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахгүйг илтгэлээ. Ингэснээр Оросын агаарын температур дэлхийн дунджаас 2.5 дахин  дулаарч байгааг Кремль эсэргүүцэх нь ойлгомжтой. Путин биечлэн бус цахимаар оролцсон нь ч үүнийг илтгэнэ” хэмээн бичжээ.

Гэхдээ Путин цахимаар оролцох үеэрээ тус улс нүүрстөрөгчийн хийн хэмжээг 2060 он гэхэд бууруулахаа амласан. Уулзалтын гэрээнд гарын үсэг зурсан учир 2030 он гэхэд ойн устгалыг зогсоох юм.

Энэтхэг:Зорилтдоо 2070 онд хүрэхээ амлав

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  2070 он гэхэд хүлэмжийн хийг тэглэхээ даваа гарагт зарлахад тус улсын иргэд түүнд анхаарлаа хандуулав. Учир нь тус улсын олон нийтийн хувьд “COP26” уулзалт чухал ярианы сэдэв болж, олны анхаарлыг татаж чадаагүй. Түүнчлэн 2050 он гэхэд биелүүлэх ёстой зорилтыг 20 жилийн дараа биелүүлэхээ амласанд  бусад орон бухимдаж байна.

Австрали:Нүүрсний цахилгаан станц барихаа зогсоохоос татгалзав

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нүүрсний хэрэглээг зогсоохгүйгээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг хэрхэн тэглэх, үүний тулд юу хийх ёстойг тайлбарлах нь чуулганд оролцсон түүний хамгийн чухал үүрэг байв.  Гэвч тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой маргалдсаны улмаас түүний гол үүрэг “сүүдэрт дарагдав”. Тус улс Орос, Хятад, Энэтхэгтэй хамт 2030 он гэхэд метаны хийн ялгаруулалтыг 30 хувь болгон бууруулах,    нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихыг зогсоох, нүүрсний шинэ станцад хөрөнгө оруулахаас татгалзах гэсэн заалтад гарын үсэг зурахаас татгалзсан юм.

 Эх сурвалж: BBC, CNN