З.БАТЦЭЦЭГ
"Bank of America Research" судалгаанд оролцсон америкчуудын 60 хувь нь 2021 онд хүнсний үнийн өсөлтөд анхаарлаа хандуулсан гэж Insider мэдээлэв. Тус сонинд тэмдэглэснээр АНУ-ын үнийн өсөлт нь цаг агаарын таагүй байдал, ажиллах хүчний хомсдол, түүнчлэн хэрэглэгчдийн эрэлт ихтэй холбоотой юм гэжээ. АНУ-ын иргэд 2021 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнд дургүйцэж байна гэж Bank of America Research компанийн хийсэн судалгаанаас эш татан Insider мэдээлэв. Судалгаанд хамрагдсан 1000 америкчуудын 60 орчим хувь нь хүнсний дэлгүүрүүдийн үнэ өссөнийг анзаарсан гэж хариулжээ. Бараа, үйлчилгээний жагсаалтын дараа хоёрдугаарт үнийн өсөлтөөрөө кафе, зоогийн газар, баарууд эзэлжээ. Нийтийн хоолны газруудын үнэ нэмэгдсэнийг судалгаанд оролцогчдын 20 хувь анзаарсан байна. Дараа нь хоол хүнс гэрт хүргэх үйлчилгээ орсон бөгөөд судалгаанд оролцогчдын 17.5 хувь нь энэ ангилалд өртөг нэмэгдсэн талаар гомдоллож байна.
АНУ-ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сараас есдүгээр сар хүртэл 0.9 хувиар өссөн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар хамгийн их өссөн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, түүнчлэн согтууруулах ундааны үнэ 1.2 хувиар өссөн байна. Тэр дундаа Латин Америкт хүчтэй ган болсноос эрдэнэ шиш, кофе, шар буурцгийн үнэ өссөн байна. Мөн хүнсний дэлгүүрийн ажилчдын цалин ажиллах хүчний хомсдолоос болж нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-д үхэр, тахиа, гахайн махны 20-25 хувь боловсруулдаг JBS компани кибер халдлагад өртөснөөс махны үнэ саяхан өссөн байна.
Эх сурвалж: www.rt.com