Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр ойрын хугацаанд цахим уулзалт хийхээр төлөвлөж байгааг Цагаан ордноос өчигдөр мэдээллээ.  Үүнээс өмнө Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Жо Байдентай цахимаар уулзахаар төлөвлөөд байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгдээд байв. Энэ нь Жо Байдены ерөнхийлөгч болсноос хойших Хятадын удирдагчтай хийх анхны уулзалт гэдгээрээ онцлогтой.

Ойрын эх сурвалжийн  CNN-д мэдээлснээр дэлхийн хүчирхэг хоёр гүрний удирдагчдын цахим уулзалт ирэх долоо хоногийн эхээр болох төлөвтэй байгаа аж. Гэхдээ Цагаан ордон болон Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамнаас уулзалтын товын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Цахим уулзалтаар хоёр орны дундах маргаантай сэдвүүд, цар тахлын гарал үүсэлтэй холбоотой асуудал, Хятад улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж байгаа зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэ тухай Хятад улсаас АНУ-д суух Элчин сайд Цинь Ган “Ши Жиньпин Хятад улс АНУ-тай харилцаагаа өргөжүүлэн, хоёр гүрний харилцааг зөв замаар хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ уулзалт нь Хятад болон Америк улсын харилцааг зөөлрүүлэхэд тустай” гэв. Үүнээс үзэхэд  зөрчилдөөн ихтэй дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн эвлэрч, харилцаа нь сайжирна хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.11 ПҮРЭВ № 221, 222 (6698, 6699)