З.БАТЦЭЦЭГ
Жүжигчин, дуучин, загварын чиг хандлагыг тогтоогч, 25 настай Зендая жинхэнэ инфлюенсер. Зендая 110 сая дагагчтай. Гэхдээ тэрбээр сая юу идснээ, алхам бүрээ тайлагнаад байдаггүй. Одоо кино театрын дэлгэцнээ түүний гол дүрд нь тоглосон “Дюна” кино гарч байгаа. Удахгүй “Хүн аалз” гарна. Мөн “Сэтгэл хөдлөл” цувралын шинэ ангиуд гарч байгаа. Энэ дүрээрээ Зендая өнгөрсөн жил “Эмми” шагнал хүртэж, энэ шагналыг авсан хамгийн залуу эмэгтэй болжээ.
-Зендая, энэ жил чиний хувьд уран бүтээл арвин жил байна. Одоо дэлгэцнээ удаан хүлээлгэсэн “Дюна” гарч байна. Удахгүй “Хүн аалз” гарна. Ийм том хоёр төсөл дээр ажиллах ямар байв?
-Гайхалтай. “Дюна” зураг авалтын үеэр олон сонирхолтой зүйл тохиолдсон. Би энэ бүгдийг гүйцэт ухаарч ойлгохгүй байх вий гэж айж байсан. Жишээ нь, Хавьер Бардем яаж тоглодгийг харах боломж олдлоо. Мартахын аргагүй. Энэ жаахан хугацаанд би мэргэжлээ илүү сайн ойлгодог болсон гэж бодож байна.
-Холливудын одууд чиний талаар зөвхөн сайн зүйл ярьж байна. Тимоти Шаламе та хоёрыг яаж магтаж байна вэ?
-Бид хоёр шууд найзууд болсон. Хамтдаа өссөн юм шиг, бие биеэ шууд ойлгосон. Тэр надад эхэн үедээ тайвширхад их тус болж байсан. Тэгэхгүй бол эхлээд эргэн тойронд тийм олон од байхад би жаахан сандарсан. Тимоти ганцаараа насаараа надтай ойролцоо. Тэгээд түүний хошигнолыг ойлгож инээж байгаа хүн олдсонд тэр их баярласан. Тэр хөгжмөө авчираад, миний трейллерт бид хоёр бүжгийн үдэшлэг зохиосон. Манай бизнест ийм найзтай болно гэдэг ховор аз.
-Найруулагч Дени Вильнев “Дюна” киноны үргэлжлэлийг та хоёртой хамт хийх сонирхолтой байгаагаа хэлсэн. Тэр чамайг өөртэй нь учирч байсан жинхэнэ мэргэжлийн жүжигчин гэсэн?
-Ийм сайхан үг хэлсэнд баярлалаа. Тэр сайхан сэтгэлтэй, эелдэг учраас зураг авалт дулаахан, найрсаг орчинд явагдсан. Ийм кинонд жижигхэн дүр авсан ч би баярлана.
-Карьер чинь ийм хурдацтай ахиж байгаад дарамт мэдрэгдэж байна уу?
-Энэ талаар би их стресстэж байгаа. Аль болхоор өөрийгөө ийм байдалд оруулагүйг хичээдэг. Янз бүрийн аргаар. Орой бүр орчлон ертөнцөд талархдаг. Ойр дотны хүмүүстэйгээ байнгын холбоотой байдаг. Ялангуяа, ээжтэйгээ.
-Та өсвөр насандаа нэрд гарсан. Хүүхдүүд цаашаа карьераа амжилттай үргэлжлүүлэх нь ховор байдаг?
-Олон хүн намайг насандаа баймгүй, хөгшин хүн шиг зантай гэдэг. Нээрээ заримдаа өөрийгөө хөгшин хүн шиг мэдрэх үе байдаг. Тэр үед би өөртөө чи ердөө 25 настай шүү гэж сануулдаг.
-Та 100 гаруй сая дагагчтай. Тэд таныг харж, өсөж том болж байгаа. Хариуцлага мэдрэгдэж байна уу?
-Мэдээж, гэхдээ энэ бол гоё. Бүхэл бүтэн нэг үеийнхэн надад итгэж байгаад би баяртай байна. Тэд жаахан хүүхэд байхдаа л намайг дагаж эхэлсэн. Одоо бүр том болцгоосон. Над дээр ирээд “Таны диснейн киног үзэж байхад би найман настай байсан. Одоо таны блокбастерыг үзэж байна” гэхэд би баярладаг.
-Аав ээж тань таны карьерт их нөлөөлсөн үү? (Түүний аав ээж багш. Ээж нь цагаан, аав нь хар арьстай. Тэд одоо салсан байгаа)
-Тийм ээ, би тэдэнтэйгээ бат холбоотой. Манай аав буддист. Тэр надад бясалгал зааж өгсөн нь стрессийн үед их хэрэг болдог. Намайг Лос-Анжелест пробд оруулах гэж аав ажлаа орхисон. Тэр үед манай гэр бүл санхүүгийн хүндрэлтэй байсан. Ээж хоёр ажил хийдэг байлаа. Ээж зундаа Калифорнид Шекспирийн наадамд ажилладаг байсан. Би хоёр настайгаасаа эхлээд театрын орчинд өссөн. Юу болоод байгааг ойлгохгүй ч тайзан дээр байгаа хүмүүсийг ангайгаад хараад зогсдог байлаа. Намайг Диснейн шоунд аваад, би бага сага рекламд тоглож эхлэхэд манайх Лос-Анжелест жижиг байр түрээсэлж эхэлсэн. Би санхүүгийн эрх чөлөөтэй болж аав ээждээ тусалтал багагүй хугацаа өнгөрсөн. Одоо бол би ажилдаа хянуур болсон. Өмнө нь ээж аав гэрээгээ сайн унш гэдэг байсан.
-Та айлын ганц уу?
-Манай аавын гурван хүү, хоёр охин бий. Тэд надаас хамаагүй ах. Гэхдээ би тэдэнтэй холбоотой байдаг. Нэг аавтай юм чинь. Нэг эгч минь манай багт ажилладаг. Түүний хүүхдүүд нь намайг Дайя эгчээ гэж дууддаг.
-Ийм эрт амжилтын амтыг мэдрээд яаж өөрчлөгдөхгүй байх вэ?
-Би дуртай зүйлдээ анхаарлаа хандуулхыг хичээдэг. Би ажилгүйгээр амьдарч чаддаггүй, уйтгартай байдаг. Өмнө нь ажлаа тарж орж ирээд Харри Поттер үздэг байлаа. Ялангуяа, “Сэтгэлийн хөөрөл”-ийн эхний ангиудад их тус болсон.
-Та ер нь төгс төгөлдөр юманд дуртай хүн юм аа?
-Тийм ээ, алдах дургүй. Ялангуяа, илүү сайн хийж чадна гэдгээ мэдсээр байж алдах үед. Би охины орд. Санасандаа хүрэхгүй бол санаа амардаггүй.
-Таньд сэтгэлзүйч бий юу?
-Мэдээж. Санхүүгийн боломжтой бол би хүн бүрийг сэтгэлзүйч дээр очиж байгаарай гэж зөвлөмөөр байна. Тусламж хэрэгтэй үед мэргэжлийн хүнээс туслалцаа авахад ичих зүйлгүй. Бүх зүйлээ ээжтэйгээ хуваалцана гэж байхгүй. Цар тахлын үеэр би анх удаа сэтгэлээр унасан. Өглөө босоод хийх ажил байхгүй, яаж сэтгэлээр унахгүй байх билээ. Ийм үед сэтгэлзүйч л тус болсон.
-Зүгээр сайхан хувцас худалдаж авч болно. Та загварыг тодорхойлогч. Таны өмссөн хувцсыг бүгд харж, шүүмжилж, магтаж, ярилцдаг?
-Би стилисттэйгээ хамт загвар бодож олох дуртай. Зүгээр гоё даашинз биш, ямар нэгэн түүх өгүүлж байх ёстой. Тиймээс Метрополитен музейн жил бүрийн арга хэмжээнд оролцохдоо миний өмссөн хувцсыг хүмүүс идэвхтэй ярьцгаадаг байх. Миний шүтээн бол Шер. Түүний дизайнер Бобби Мак. Хэрвээ та надаас өөртөө их мөнгө зарцуулдаг уу гэж асуувал энэ миний одоог хүртэл шийдээгүй байгаа зүйл. Манай ээж хэзээ ч үрэлгэн байгаагүй, мөнгө бүрийг хэмнэсээр ирсэн. Одоо хүртэл шаардлагагүй байхад хэмнэсээр байгаа. Аав эсрэгээрээ. Чамайг үхэхэд мөнгө хэрэг болохгүй гэж үздэг. Би ийм хоёр арга барилын дунд одоог хүртэл самгардсаар л байна. Би 23 насандаа анх удаа Грек явж амарсан. Тэгээд туслахдаа картаа өгөөд, миний өмнөөс төлөөд байгаарай гэсэн. Гэхдээ ямар үнэтэйг нь надад хэлж болохгүй шүү гэсэн. Тэгэхгүй бол санаа зовоод үрж чадахгүй. Инээдтэй байгаа биз. Мэдээж би энэ талаар сэтгэлзүйчтэйгээ ярилцаж байгаа.
-Хамтарч ажилласан хүн бүртэй чинь таныг амрагийн холбоотой гэж бичсэн байх аа?
-Тийм ээ. Гэхдээ бодит амьдрал дээр миний тавих шаардлага өндөр. Түүнд нийцэх хүн цөөн. Тэр тусмаа аав, ах нарт таалагдах ёстой. Оролдож үзэх хүмүүст амжилт хүсье. Би өсвөр насны хүүхэд байхдаа кинон дээр үнсэлцэхээс татгалздаг байсан. Миний анхны үнсэлт камерын өмнө болоосой гэж хүсээгүй. Ер нь би гадуур зугаалаад байдаггүй. Гэртээ зурагт үзэж хэвтэх дуртай. Хөл хорионы үеэр зураг зурж сурсан.
-Том Холланд таны зүрхийг уярааж чадсан уу?
-Том үнэхээр дур булаам зантай. Их хошин мэдрэмжтэй. “Хүн аалз”-д тоглож байхдаа олон сараар Лондонд амьдраад би бас Англи маягаар ярьж сурсан. Том “Хүн аалз”-ын дүрд гайхамшигтай тоглосон.
-Энэ талаар хариулт авахгүй нь ойлгомжтой юм байна. Та бас дуулдаг, бүжиглэдэг, бизнестэй. Энэ чинь та өөрийн багтай гэсэн үг. Та хэр босс вэ?
-Миний том дутагдал бол би залхуу. Мэйл шалгаж хариулах дургүй. Би зөвхөн өөрт таалагддаг зүйлээ л хийдэг. Гэхдээ бас жижиг зүйлд анхаарлаа хандуулдаг.
-Өөрийн бага насны зурагаа хараад, тэр жаахан охинд юу хэлмээр байна?
-Хийж байгаа зүйлээ үргэлжлүүл. Хобби чинь ажил болж хувирсан чи азтай охин. Хүн бүрт ийм аз тохиохгүй.
Эх сурвалж: www.7dn.ru