З.БАТЦЭЦЭГ

 

Хятад улс цөмийн цэнэг тээвэрлэх чадалтай дуунаас хурдан пуужин туршсан гэж АНУ үзэж байна. Одоо Америкийн инженерүүдийн даалгавар бол ийм пуужингаас хамгаалах чадвартай пуужингийн шинэ системийг бий болгох явдал юм. “South China Morning Post” сонинд мэдээлснээр дуунаас хурдан ангилалд шинэ зэвсгийн уралдаан эхэлж байгаа бололтой.

“South China Morning Post” сонинд Хятад, АНУ, ОХУ-ын оролцож буй дуунаас хурдан пуужингийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь буруу тооцоолол хийх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар цэргийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна гэжээ.

Хятадад хийсэн туршилтуудад АНУ санаа зовж байна. Вашингтон эдгээрийг дуунаас хурдан пуужингийн туршилт байсан гэж үзэж байгаа ч Бээжин энэ бүгдийг үгүйсгэж байгаа юм. Зөвлөлтийн хиймэл дагуул сансарт ниссэний дараа сансрын өрсөлдөөн эхэлсэн байдаг. Өнөө үеийг Америкийн шинжээчид үүнтэй зүйрлэж байна. Тухайн үед ЗХУ-д давуу тал илүү байсан шиг өнөөдөр дуунаас хурдан пуужин бүтээх технологиор АНУ нь Хятадаас олон жилээр хоцорч байна гэж шинжээчид үзэж байна. Хятад улс дуунаас хурдан пуужингийн анхны туршилтыг 2014 онд хийж байсан бол хоёр жилийн дараа Орос улс энэ уралдаанд нэгдсэн байдаг. АНУ 2000-аад оны эхээр эдгээр бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байсан ч санхүүжилт нь тасарчээ. Одоо Пентагон, Конгресс хоёулаа дуунаас хурдан системийг хөгжүүлэх, эрт байршуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. Энэ бүхэн шинэ зэвсгийн уралдаанд хүргэж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Дуунаас хурдан пуужингууд нь ердийн баллистик пуужингаас илүү техникийн тодорхой бус байдлыг агуулдаг. Тиймээс зөрчилдөөн гарсан тохиолдолд тэд буруу тайлбарлах, хэт их хариу үйлдэл үзүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ.

Үүний зэрэгцээ АНУ Бээжинг олон жилийн турш баримталж ирсэн стратегиасаа ухарсан гэж үзэж байна. Тиймээс Вашингтон цөмийн зэвсгийн бодлогоо шинэчлэхээр шийджээ. Хятад улс цөмийн зэвсгийг хамгийн түрүүнд хэрэглэхгүй гэдгээ онцоллоо. Гэвч Хятад улс шуурхай хариу өгөх зэвсгийг онцолж байгаа нь цэргийнхэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх хугацаа бага болж улмаар буруу дүгнэлтэд хүргэж болзошгүй гэж шинжээчид онцолж байна. Бусад шинжээчийн үзэж байгаагаар хэрэв Хятад үнэхээр цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай дуунаас хурдан пуужин туршсан бол энэ нь АНУ-ын батлан хамгаалах системийг эвдэхийг оролдож байна гэсэн үг юм. Ийм пуужингууд нь маневрлах мөн ердийнхөөс доогуур нисэх чадвараараа одоогийн байгаа пуужингийн довтолгооноос хамгаалах системд ноцтой хүндрэл учруулдаг байна. Тиймээс инженерүүд дуунаас хурдан пуужинг саатуулах чадвартай системийг хөгжүүлэх нь чухал болоод байна гэж Америкийн генералууд үзэж байгаа юм. Орос, Хятадын үйл ажиллагаа нь нөхцөл байдлыг тогтворгүй болгох магадлалтай гэж цэргийнхэн үзэж байна. Тэд таньж илрүүлэхэд илүү төвөгтэй цөмийн пуужинг бүтээхээр ажиллаж байна. Энэ нь АНУ ийм аюулыг сөрөн зогсох зүйлийг бүтээх шаардлагатай болоод байна гэж “South China Morning Post” сонинд бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.2 МЯГМАР № 215 (6692)