З.Батцэцэг
 
АНУ-аас Хятадад суух элчин сайдад нэр дэвшигч Николас Бернс Хятадыг ардчилсан ертөнцөд заналхийлж буй гол аюул гэж нэрлээд Бээжингийн сул талыг ашиглахыг Цагаан ордонд уриалав.
Тэрээр Хятадыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том аюул занал гэж онцлон тэмдэглэв. Тэр хэлэхдээ, Вашингтон Бээжинтэй харилцахдаа “хүчний байр сууринаас хандах ёстой” гэжээ. 
“Одоогоор Хятадад найз нөхөд цөөхөн, жинхэнэ холбоотон гэж бараг байхгүй. Бид олон улстай холбоотой байдаг бөгөөд энэ нь бидний давуу тал юм. Хятадтай холбоотой стратеги боловсруулахын тулд бид эдгээр орнуудтай эрчимтэй ажиллах ёстой” гэж Н.Бернс хэллээ. 
Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадыг дарангуйлах оролдлого хийгээгүй гэж мэдэгдсэн. Блинкен нэмж хэлэхдээ “Хятад улс компаниа хувийн болон төрийн гэж ялгадаггүй тул АНУ түншүүддээ Бээжингийн санал болгож буй худалдаа, эдийн засгийн гэрээг шалгахыг хатуу санал болгож байна” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)