АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Вашингтон хот дахь Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн амины орон сууцанд нэгжлэг явуулжээ. Холбооны Мөрдөх Товчоо шүүхээс өгсөн зөвшөөрлийн дагуу Дерипаскагийн гэрт тусгай ажиллагаа явуулснаа мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.Дерипаскагийн төлөөлөгчийн мэдээлснээр хууль хүчнийхэн Нью Йорк, Вашингтон дахь хоёр амины орон сууцанд нь нэгжих ажиллагаа явуулжээ. Гэхдээ эдгээр байрнууд нь Дерипаскагийн нэр дээр биш, гэр бүлийн бусад гишүүдийнх нь нэр дээр байдгийг баталсан байна.Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Москвагийн хөрөнгийн бирж дээр Русал компанийн хувьцааны ханш зургаан орчим хувиар унасан юм.

Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга компани Русалын эцэг компаниар нь дамжуулж хувь эзэмшдэг Дерипаска “Forbes” сэтгүүлд бичсэнээр нийт 4.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүнийг Кремлийн эзэдтэй ойр харилцаатай гэж үздэг.Тэрбээр 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн сурталчилгааг удирдаж байсан өмгөөлөгч Пол Манафорттой ойр холбоотой  юм. Тиймээс АНУ-ын Засаг захиргаа 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд оролцсон шалтгаанаар Дерипаскаг 2018 онд эдийн засгийн хоригоор шийтгэж байв.Сүүлд Вашингтоны засаг захиргаа Русал, En+ Group компаниудыг хоригоос чөлөөлсөн ч Дерипаскаг хоригт хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: www.Polit.mn