Грек улс хууль бус цагаачлалыг зогсоох зорилгоор Турктэй хил залгаа хилийн хамгаалалтаа бэхжүүлэх болно гэж Associated Press агентлаг даваа гарагт мэдээлэв. “Европ дайн болж буй улсуудтай хиллэдэггүй. Тиймээс дүрвэгсэд их ирдэг тул шилжилт хөдөлгөөний бодлого, хилийн аюулгүй байдал хэрхэн ажилладгийг дахин тодорхойлох нь чухал юм” гэж даваа гарагт Грекийн цагаачлалын асуудал хариуцсан сайд Нотис Митаракис хэлэв. Европын холбооны олон орон Евро комиссоос шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахын тулд хатуу арга хэмжээ авахыг шаардах болсон гэж тэрбээр тэмдэглэв. Аюулгүй байдлыг сайжруулахын тулд Туркийн хил рүү 250 цэргийг илгээнэ. Одоогийн байдлаар хилийг 1.5 мянган хүн хамгаалж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны эхэн үеийнхээс 500 хүнээр илүү байгаа юм. Түүнчлэн хил орчмын нисэх онгоцны буудал, бүс нутгуудад 800 орчим хилчнийг нэмж байрлуулах юм байна. AP агентлагийн мэдээлснээр энэ зун талибанчууд Афганистанд эрх мэдлийг булаан авсантай холбогдуулан Грек улс хилийн хамгаалалтаа хэсэгчлэн чангатгахаар шийджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Грек улс цагаачлалын бодлого, хилийн эргүүлээ чангатгасан. Турк улстай хил залгаа ханыг бэхжүүлж, хууль бусаар тус улсад нэвтрэхийг завдсан дүрвэгсдийг зогсоох өндөр технологийн видео тандалтын сүлжээг суурилуулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)